Азийн наадмын нээлтийг хөлбөмбөгийн тэмцээн хагаллаа. Тодруулбал, “А” хэсгийн тоглолт өнөөдөр явагдаж, Хонконг, Лаосыг 3:1-ээр буулган авсан бол Палестин, Тайванийн багууд хуурай тэнцжээ.
Азийн наадмын хөлбөмбөгийн тэмцээн 25 баг эхэлж буй. Үүнээс “А” хэсэг ганцаараа таван багтай аж. Энэ хэсэгт дээрх дөрвөн багаас гадна нутгийн эзэн Индонезийн хөлбөмбөгчид бий.
Сонирхуулахад, Индонезийн Азийн наадмыг зохион байгуулах хорооноос хөлбөмбөгийн тоглолтын тасалбар одоогоор 7887 борлогдсон гэж мэдээлэв. Тасалбарын үнэ 5-15 ам.долларын үнэтэй аж.
Гэхдээ дээрх тоо зөвхөн цахимаар зарагдсан тоо гэнэ. Одоогоор тасалбар түгээгүүрээс хэдэн ширхэг билет зарсан нь тодорхойгүй байгаа талаар албаныхан мэдээлсэн юм.
Тэмцээн болж буй “Patriot Chandrabhaga Stadium” 30 мянган хүний суудалтай. Харин тэмцээнийг зохион байгуулагчид сургуулийн сурагчдад 5000 үнэгүй тасалбар тараасан байна.