Азийн наадамд оролцох манай жүдочдын бүрэлдэхүүн

7423

Индонез улсад тун удахгүй нээлтээ хийх 18 дахь удаагийн Азийн наадамд манай улс 34 спортын төрлөөр 306 тамирчинтай оролцох болсон билээ.

Тэгвэл манай улсын топ төрлийн нэг, медальд гол найдвар тавьдаг жүдогийн төрөлд эрэгтэй 9, эмэгтэй 9 нийт 18 жүдоч оролцох квоттой.

ЭРЭГТЭЙ

  • Дашдаваагийн Амартүвшин (60 кг)

ДАШТ-ий мөнгөн медальт Д.Амартүвшин гавьяат 2010 онд Гуанжоугийн Азийн наадамд оролцоод шагналт V байр эзэлж байв.

  • Ганболдын Хэрлэн (66 кг)

Өнгөрсөн жил Азийн АШТ-ээс хүрэл медаль хүртсэн ОУХМ Г.Хэрлэн анх удаа Азийн наадамд оролцоно.

  • Цэнд-Очирын Цогтбаатар (73 кг)

Хоёр жилийн өмнө тивийн аваргаас хүрэл медаль хүртсэн залуу жүдоч Ц.Цогтбаатар мөн л анх удаа Азийн наадмыг зорино.

  • Наранхүүгийн Хадбаатар (73 кг)

Таван жилийн өмнө Зүүн Азийн наадмаас хүрэл медаль хүртсэн Н.Хадбаатар Азийн наадамд анх удаа хүч сорино.

  • Отгонбаатарын Ууганбаатар (81 кг)

Тивийн аваргаас хошой хүрэл медаль хүртсэн туршлагатай О.Ууганбаатар Гуанжоугийн Азийн наадамд шагналт V байр эзэлсэн билээ.

  • Гантулгын Алтанбагана (90 кг)

Өнгөрсөн жил тивийн аваргад оролцоод есдүгээр байр эзэлсэн Г.Алтанбагана анх удаа Азийн наадамд оролцож буй.

  • Эрдэнэхүүгийн Мөнхжаргал (90 кг)

Өдгөө 22 настай, манай залуу жүдочдын нэг. Азийн наадамд анх удаа оролцох аж. Тэрбээр эрэгтэй жүдочдоос хамгийн залуу нь юм.

  • Лхагвасүрэнгийн Отгонбаатар (-100 кг)

Дөрвөн жилийн өмнөх Азийн наадмаас 90 кг-д хүрэл медаль хүртсэн жүдоч. -100 кг-д тив, дэлхийн анхны тэмцээндээ хүч сорино.

  • Өлзийбаярын Дүүрэнбаяр (+100 кг)

Залуучуудын дэлхийн аварга Ө.Дүүрэнбаяр дөрвөн жилийн өмнө Азийн наадмаас мөнгөн медаль хүртэж байв.

ЭМЭГТЭЙ

  • Мөнхбатын Уранцэцэг (48 кг)

Дэлхийн аваргын алт, мөнгөн медальт Урнаа гавьяат Инчёны Азийн наадамд түрүүлсэн амжилтаа давтах зорилготой.

  • Ганболдын Ганцэцэг (52 кг)
  • Доржсүрэнгийн Сумъяа (57 кг)

Олимпийн мөнгө, дэлхийн аваргын алт, хүрэлтэй Д.Сумъяа дөрвөн жилийн өмнөх хүрэл медалийнхаа өнгийг өөрчлөх бодолтой байгаа болов уу.

  • Лхагватогоогийн Энхрийлэн (57 кг) 
  • Болдын Ганхайч (63 кг)
  • Цэнд-Аюушийн Наранжаргал (70 кг)

Ази тивийн аварга, Азийн наадмын хошой хүрэл медальт Ц.Наранжаргал энэ тэмцээнд түрүүлэх зорилго тавьсан нь тодорхой.

  • Балдоржийн Мөнгөнчимэг (70 кг)
  • Баттулгын Мөнхтуяа (+78 кг)
  • Эрдэнэбилэгийн Гандиймаа (+78 кг)