Криштиану Роналду “FIFA 19” тоглоомны ковер болох нь тодорхой боллоо.
Шинэ улиралд Италийн “Ювентус” клубт зүтгэхээр болсон португал довтлогч болон Францын “ПСЖ” клубийн бразил тоглогч Нэймар нар видео тоглоомны зурагт хуудсыг чимэх аж. Гэхдээ Нэймарын хувьд “Аваргууд” хувилбарынх нь ковер болох юм.
К.Роналду өнгөрсөн жил “Реал Мадрид”-ын гишүүн байхдаа “FIFA 18” тоглоомны ковер болж байв.
“Ювентус” клубийн хувьд энэ улиралд 100 сая евро төлж, К.Роналдуг өөрийн болгосон. Энэ нь 30 ба түүнээс дээш насандаа ийм үнэ хүрсэн анхны, бас Италийн лигийн хамгийн үнэтэй наймаа болсон түүхтэй.
“FIFA 19” тоглоом өнөө жил Аваргуудын лиг, Европа лиг болон Супер цомын тэмцээнийг багтаасан юм.
Уг тоглоом ирэх есдүгээр сарын 28-нд худалдаанд гарах аж.