Витали Кличко, Леннокс Льюс нар дахин халз тулалдана

1868

Мэргэжлийн боксын хүнд жингийн нэрт тамирчид болох Украины Витали Кличко, Их Британи, Канадын иргэншилтэй Леннокс Льюс нар удаан хүлээсний эцэст боксын рингэнд дахин тулалдахаар болжээ. Ах Кличко мэргэжлийн рингэн дээр хоёр удаа ялагдсан түүхтэй. Эхнийх нь АНУ-ын Крис Бирдэд хожигдсоноор WBO холбооны аваргын бүсээ алдаж байсан бол сүүлийнх нь одоогоос 15 жилийн өмнө Л.Льюст ялагдсан билээ.

Ид үедээ Евандер Холифилд, Майк Тайсон буулган авч байсан Л.Льюс хамгийн сүүлд В.Кличког ялж, аваргаа хамгаалаад боксоо орхисон нэгэн. Зургаан үеийн дараа Кличкогийн хөмсөг задарч, цус нь тогтохгүй байсан тул эмч нар цааш үргэлжлүүлэн тулалдахыг хориглож, Л.Льюс техникийн хүнд цохилтоор өрсөлдөгчөө ялсан.

Л.Льюс их спортоо орхисон тул ах В.Кличкод хариугаа авах боломж гараагүй. Тэгвэл одоо боксын рингэн дээр нударгаар бус оюун ухаанаараа тулалдах боломжтой болжээ. Өдгөө Укрианы Киев хотын даргаар ажиллаж буй 47 настай В.Кличко 52 настай Л.Льюстэй ирэх аравдугаар сард Украины Киев хотод зохион байгуулах мэргэжлийн боксын WBC холбооны уулзалтын үеэр хоёр боксчин рингэн дотор шатар нүүхээр тохиролцжээ.

Ах дүү Кличконууд завтай үедээ шатар нүүх хоббитой. Виталигийн хувьд Оросын шатрын их мастер Владимир Крамниктай дотны найзууд. 2002 онд Германы Дортмунд хотод хоёр найз үзүүлэх тоглолт хийсэн удаатай. Гэхдээ боксын гарамгай тулаанч эр шатрын их мастерыг хэзээ ч хөлөгт тоглоомоор хожиж үзээгүй гэнэлээ.

Л.Льюс ч мөн шатар сонирхогч. Тэр ч бүү хэл ядуу, төлбөрийн чадваргүй хүүхдүүдэд зориулсан шатрын хөтөлбөрийг санхүүжүүлдэг нэгэн. Түүний тэтгэлэгийг авсан нэг тамирчин бүр Теннисий Тек их сургуулийн шатрын тэтгэлэгт хамрагдсан удаатай.