Цагаан сарын баярт зориулсан 256 бөхийн барилдаанд Ховд аймгийн Зэрэг сумын харьяат улсын харцага Баярхүүгийн Бат-Өлзий найм даван түрүүлж, Увс аймгийн Давст сумын бөх улсын арслан Пүрэвийн Бүрэнтөгс үзүүрлэв. Шөвгийн дөрөвт Архангай аймгийн Хашаат суманд төрсөн, улсын аварга Чимэдрэгзэнгийн Санжаадамба, Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын харьяат улсын арслан Цэдэвийн Содномдорж нар шалгарлаа.
Сар шинийн баярт зориулсан уламжлалт барилдаан 1963 оноос хойш тогтмол зохион байгуулагдах болсон билээ. Өнөө жил 55 дахь удаагаа зохиогдсон уг барилдаанд хамгийн олон түрүүлсэн бөх бол дархан аварга Бадмаанямбуугийн Бат-Эрдэнэ. Тэрбээр 1988 оноос хойш 1998 он хүртэл 11 жил дараалан түрүүлсэн бол 2000, 2006 онд дахин түрүүлж, нийт 13 түрүүлсэн амжилтаар бусдыгаа манлайлдаг. Түүний араас дархан аварга Хорлоогийн Баянмөнх найм түрүүлсэн амжилтаар удаалдаг юм. Энэ хоёр агуу бөхийн араас дархан аварга Жигжидийн Мөнхбат тав, дархан аварга Дашдоржийн Цэрэнтогтох дөрөв, улсын аварга Дагвацэрэнгийн Хадбаатар, дархан аварга Гэлэгжамцын Өсөхбаяр нар тус бүр гурав, дархан аварга Агваансамдангийн Сүхбат, улсын аварга Долгорсүрэнгийн Сумъяабазар, улсын аварга Чимэдрэгзэнгийн Санжаадамба нар тус бүр хоёр удаа түрүүлжээ.
Харин өдгөө хүртэл Ховд нутгаас түрүү тодорч байсангүй. Түүнчлэн улсын арслан П.Бүрэнтөгс сар шинийн барилдаанд анх удаа үзүүрт үлдлээ. Өнгөрсөн жилийн түрүү бөх Ц.Содномдоржийн хувьд бэртлийн улмаас удаан хугацаанд барилдаагүй ч эргэн ирж, шөвгийн дөрөвт шалгарсан. Отгон арслан маань сар шинийн барилдаанд гурав дахиа шөвгөрч буй нь энэ юм. Тэрбээр одоогоос зургаан жилийн өмнө улсын харцага цолтойдоо анх шөвгөрч байв.
Харин Ч.Санжаадамба аваргын хувьд цэргийн арслан цолтойдоо 2010 онд анх түрүүлж байсан бол үүнээс дөрвөн жилийн дараа улсын заан цолтойдоо шөвгийн дөрөвт шалгарч, дараа жил нь дахин түрүүлж байлаа.