“Voice” шоуны анхны дугаарын бас нэгэн чимэг болсон реппер Алтансарнайгийн Жаргал теннисний тамирчин юм. Улсын АШТ-д дөрвөн удаа түрүүлсэн тэрбээр Азийн наадамд улсаа төлөөлөн оролцох 269 тамирчны нэг болсон билээ.
Тэрбээр өнөөдөр эхний тоглолтоо холимог хос төрөлд Батжаргалын Гүнбүрдтэй хосолж, Японы тамирчидтай өрсөлдөх хуваарьтай. Түүнчлэн тэр теннисний гурван төрөлд оролцох аж.
Ганцаарчилсан төрөлд Энэтхэгийн теннисчин Карман Тандитай оноолт таарсан байна. Мөн эмэгтэй хос төрөлд Э.Ариун-Эрдэнийн хамт Тайландын хос тамирчидтай өрсөлдөх бөгөөд тэднийг ялж чадвал Тайванийн тамирчид дараагийн даваанд хүлээж байгаа аж.
Талбайн теннисний төрөлд манай улсаас эрэгтэй, эмэгтэй тус бүр дөрвөн тамирчин оролцохоор Индонезийг зорьсон юм.