Азийн наадмын эрэгтэйчүүдийн 86 кг-д зодоглосон Оргодолын Үйтүмэн Монголын багийн хоёр дахь медалийг эх орондоо авчирлаа. ОУХМ О.Үйтүмэн Ази тивийн АШТ-ээс хошой мөнгө, хүрэл медаль хүртсэн бөх. Тэрбээр эхний тойрогт БНХАУ-ын Би Шен Фенд 6:3-аар хожигдож яваад цэвэр ялж, дараа нь Туркменистаны бөх Азат Гажиевийг оноогоор цэвэр ялсан. Улмаар 2013 онд 74 кг-д дэлхийгээс хүрэл медаль хүртсэн Узбекистаны бөх Рашид Курбановыг 6:2-оор хожсон юм.
Хагас шигшээд олимпийн аварга, дэлхийн алт, мөнгөн медальт, Ираны алдарт бөх Хассан Язданитай хүч сорьж, 12:2-оор ялагдсан.
Ингээд хүрлийн төлөө Энэтхэгийн бөх Паван Кумарыг ялснаар энэ удаагийн тэмцээнээс Монголын баг эхний өдрөө хоёр медаль хүртлээ.