Азийн наадам – 2018: Гурав дахь өдрийн рекорд + содон амжилтууд

2744
  • Индонезийн хүндийг өргөлтийн тамирчин Эко Юли Ираван улсынхаа тав дахь алтан медалийг эх орондоо авчирлаа. Тус улс 1998 оны Азийн наадмаас зургаан алтан медаль хүртсэнээс хойш багадаа таван алт түүж үзээгүй юм.
  • БНХАУ-ын усанд сэлэгч Лю Сян эмэгтэйчүүдийн 50 метрийн өврөөр даллах төрөлд 26.98 секундэд барианд орсноор дэлхийн дээд амжилтыг эвдсэн. Азийн наадамд усанд сэлэлтийн төрөл багтсан сүүлийн 60 жилийн хугацаанд дэлхийн дээд амжилт тогтоосон хоёр дахь тамирчин нь тэр болов. Үүнээс өмнө Японы усанд сэлэгч, олимпийн дөрвөн удаагийн аварга Косүкэ Китажима 2002 оны Азийн наадмын эрэгтэйчүүдийн 200 метрийн мэлхий сэлэлтэд рекорд тогтоосон түүхтэй.
  • Олимпийн гурав, дэлхийн есөн удаагийн аварга БНХАУ-ын усанд сэлэгч Сунь Ян Азийн наадмаас найм дахь алтан медалиа авсан анхны эрэгтэй, нийт хоёр дахь усанд сэлэлтийн тамирчин боллоо. Тэрбээр Азийн олимпоос нийт 12 медаль хүртсэн бөгөөд энэ амжилтаараа 2006-2014 оны хооронд 12 медаль зүүсэн Хятадын усчин Тан Итэй тэнцсэн байна.
  • Японы усанд сэлэлтийн эмэгтэй тамирчин Рикако Ике дөрөв дэх алтаа хүртлээ. Ингэснээр тэр нэг удаагийн Азийн наадмаас дөрвөн алт хүртсэн анхны эмэгтэй тамирчин болжээ. Наран улсаас хөнгөн атлетикийн Хироми Исозаки, усанд сэлэлтийн Каори Янасэ нар 1982 оны наадмаас дөрвөн алт авсан билээ.
  • Японы усанд сэлэлтийн тамирчин Найто Эхара эрэгтэйчүүдийн 400 метрийн чөлөөт сэлэлтийн төрөлд мөнгөн медаль хүртсэн нь тус улсын Азийн наадмаас хүртсэн 1000 дахь мөнгөн медаль нь болжээ.
  • Ливаны таваг буудлагын тамирчид холимог хос төрөлд түрүүлж, улсынхаа түүхэнд Азийн наадмаас хүртсэн тав дахь алтан медалиа авчээ. Ливанаас хүндийг өргөлтийн тамирчин, олимпийн мөнгөн медальт Мохамед Тарабулси (75 кг, 1978 он), Иссам Эл Хомси (110 кг, 1986 он), бодибилдингийн тамирчин Аноути Мохаммед (1986 он), өндрийн харайлтын тамирчин Жан Клод Раббат (2006 он) нар алтан медаль хүртсэн түүхтэй.
  • Буудлагын эрэгтэйчүүдийн 10 метрийн хийн гар бууны төрөлд 16 нас, 101 хоногтой Энэтхэгийн бууч Саураб Чаудхари түрүүлсэн. Энэ нь 2006 онд Тайландын эмэгтэйчүүдийн багийн төрөлд Таньялак Чотфибунсин 16 нас, 14 хоногтой түрүүлснээс хойших хамгийн залуу буудагч болжээ.