Индонезийн Жакарта болон Палембанг хотод болж буй Азийн наадмын таеквондогийн эрэгтэйчүүдийн 63 кг-д Азийн наадмын хүрэл медальт М.Түмэнбаяр, -80 кг-д Риогийн олимпод оролцогч П.Тэмүүжин нар өнөөдөр тулалдлаа.
Энэ жил 24 настай М.Түмэнбаяр маань эхний тойрогт Бутаны Доржи Ешиг 23:2-оор оноогоор цэвэр ялаад дараагийн тойрогт Малайзийн 18 настай залуу тамирчин Ахмад Нор Иман Хакимыг 26:5-аар илүүрхсэн.
Харамсалтай нь, шөвгийн наймд БНХАУ-ын алдарт таеквондоч Жао Шү Айд 25:5-аар дийлдсэн юм.
Риогийн олимпийн аварга, ДАШТ-ий алт, хүрэл медальтай Жао Шү Ай таеквондогийн төрлөөр олимп болон дэлхийн аваргаас алтан медаль хүртсэн анхны хятад тамирчин юм. Энэ жилийн Азийн наадамд улсынхаа тугчаар сонгогдсон нэгэн.
Риогийн олимпийн 68 кг-д шөвгийн наймд шалгарч байсан П.Тэмүүжин эхний тойрогт Малайзийн Ноор Алзан Нур Путра Даниэл Азланыг 35:13-аар оноогоор хол илүүрхсэн ч шөвгийн 16-д ДАШТ-ий хошой мөнгөтэй Узбекистаны тулаанч Никита Рафаловичтой хүч үзээд 25:7-гоор ялагдсан.