Өнөөдөр монголчуудын медалийн гол найдвар тавьж буй сонирхогчдын боксын тэмцээн нээлтээ хийнэ. Есдүгээр сарын 2 хүртэл буюу уламжлал ёсоор тэмцээний сүүлийн өдөр аваргаа тодруулдаг боксын төрөл эрэгтэй долоо, эмэгтэй гурван жинд болно. Эрэгтэйчүүд харьцангүй залуу бүрэлдэхүүнээ илгээсэн. Дөрвөн жилийн өмнө Д.Отгондалай боксчдоос анхны алтан медалийг хүртэж байсан бол энэ удаагийн тэмцээнд оролцохгүй аж. Түүний жинд Э.Цэндбаатар тулалдана.
Түүх:
Сонирхогчдын боксын төрөл 1954 оны Манилагийн Азийн Наадмаас хойш хөтөлбөрт багтаж буй. Манай улсаас 1974 онд анх удаа оролцохдоо л мөнгө, хүрэл медаль хүртэж байсан түүхтэй. Үүнээс хойш 40 жилийн хугацаанд нэг алт, таван мөнгө, 15 хүрэл медаль хүртсэн бөгөөд медалийнхаа чанараар 14-т, тоогоор 12-т жагсдаг аж. БНСУ-ын боксчид 58 алт, 25 мөнгө, 30 хүрэл хүртсэн үзүүлэлтээр бусад улсаа тэргүүлдэг. Дөрвөн жилийн өмнө Д.Отгондалай алтан медаль зүүснээр Монгол Улс Азийн Наадмын боксын төрөлд алтан медаль хүртсэн 14 дэх улс болсон билээ. Одоогоор Мьянмар, Тажик, Тайвань зэрэг улс бидэнтэй ижил нэг алтан медальтай юм. Сонирхуулахад, анхны мөнгөн медалийг 1974 онд 60 кг-д өрсөлдсөн Содномын Гомбо эх орондоо авчирсан бол эхний хүрлийг Буянгийн Ганбат 1974 онд 54 кг жинд өрсөлдөхдөө зүүж байв. Түүнээс хойш 60 кг-д дөрвөн медаль хүртсэн нь бусад жингүүдтэй харьцуулахад хамгийн олон тоо аж.
Бүрэлдэхүүн:
- Эрэгтэй 7 тамирчин:
- Баатарсүхийн Чинзориг (64 кг, 1991 оны есдүгээр сарын 21)
- Хархүүгийн Энх-Амар (56 кг, 1992 оны наймдугаар сарын 5)
- Ганхуягийн Ган-Эрдэнэ (52 кг, 1993 оны гуравдугаар сарын 29)
- Даваасүрэнгийн Давааням (75 кг, 1994 оны дөрөвдүгээр сарын 16)
- Отгонбаатарын Бямба-Эрдэнэ (69 кг, 1996 оны тавдугаар сарын 31)
- Эрдэнэбатын Цэндбаатар (60 кг, 1996 оны аравдугаар сарын 16)
- Хархүүгийн Энхмандах (49 кг, 1996 оны арваннэгдүгээр сарын 20)
- Эмэгтэй 3 тамирчин:
- Төмөрхуягийн Болортуул (60 кг, 1987 оны тавдугаар сарын 31)
- Очирбатын Жаргалан (51 кг, 1995 оны гуравдугаар сарын 13)
- Монхорын Намуун (57 кг, 1999 оны есдүгээр сарын 16)
Сугалаа:
- Эрэгтэй, 49 кг:
Эрчүүдийн өдөн жинд 23 боксчин тулна. Х.Энхмандах эхний даваанд Инчёны Азийн наадмын аварга, ДАШТ-ий мөнгө, хүрэлтэй БНСУ-ын боксчин Жон Ун Шинтэй тулна. Тэд хоорондоо найман насны зөрүүтэй юм. Риогийн олимпоос медаль авч чадаагүй тул хэсэг хугацаанд амралт авсан Жон энэ удаагийн Азийн наадмаар дахин рингэнд гарах аж. Энэ хоёр ялсан нь өнгөрсөн жилийн ДАШТ-ий шагналт V байрт бичигдсэн Энэтхэгийн Амиттай тулалдана.
- Эрэгтэй, 52 кг:
Нийт 21 боксчин бүртгүүлсэн бөгөөд Г.Ган-Эрдэнэ эхний тойрогт хийлжээ. Шөвгийн 16-д Японы боксчин Рюмэй Танака, Энэтхэгийн тулаанч Гаурав Соланки нарын ялсантай нь хүч сорино. Энэтхэг эр энэ оны Хамтын нөхөрлөлийн орнуудын наадамд түрүүлсэн аж. Хэрвээ хоёр ялвал Тайландын Юттапонг Тонгдее, Шри Ланкийн Мееталаве Бандара нарын хожсонтой өрсөлдөнө.
- Эрэгтэй, 56 кг:
Хархүүгийн Энх-Амарын өрсөлдөх тус жинд 22 боксчин бий. Манай тамирчин эхний тойрогт Японы тулаанч, залуучуудын дэлхийн аварга Хаяато Цүцүмитэй өрсөлдөнө. Түүнийг ялвал Энэтхэгийн Хуссам Мохаммедтай хүч үзэх аж. Хоёр ялвал Узбекистаны Миразизбек Мирзахалилов, Йорданы Мохаммад Алвади нарын хожсонтой оноолт таарна.
- Эрэгтэй, 60 кг:
Нийт 20 боксчин бүртгүүлсэн тус жинд Д.Отгондалайгийн оронд залуу боксчин Э.Цэндбаатар өрсөлдөх юм. Тэрбээр эхний тойрогт хийлээд Иракийн Аммар Карбалайтай хүч сорино. Энэ жинд Японы Асаши Морисака, Туркменистаны Хурсанд Иманкулиев нарын ялсантай Хойд Солонгосын Чой Чол Ман өрсөлдөх бөгөөд манай тамирчин эхний өрсөлдөгчөө ялсан тохиолдолд шөвгийн наймд дээрх гурвын хожсонтой нь тулалдана.
- Эрэгтэй, 64 кг:
23 тулаанч бүртгүүлжээ. Манай боксчин Б.Чинзориг эхний тойрогт хийлсэн. Шөвгийн 16-д Хойд Солонгосын Ри Кон Тае, Афганистаны Зафар Азизи нарын ялсантай нь тулна.
- Эрэгтэй, 69 кг:
Нийт 21 боксчин бүртгүүлсэн тус жинд О.Бямба-Эрдэнэ өрсөлдөнө. Эхний тойрогт Узбекистаны Усмон Батуровтой тулна. Түүнийг ялвал Азийн наадмын хүрэл медальт, шар тивийн аварга БНХАУ-ын уйгур боксчин Шион Майрмайтитутай шөвгийн 16-д өрсөлдөнө.
- Эрэгтэй, 75 кг:
Эрэгтэй хүнд жинд 18 боксчин бий. Манай Д.Даваанямын хувьд эхний тойрогт хийлээд 16-д Азийн наадмын мөнгөн медальт, Ази тивийн аварга Узбекистаны Исраил Мадримовтой таарчээ. Ялвал шөвгийн наймд Ираны Сэйдшахин Моусави, Сирийн Ахмад Госоун нарын ялсантай нь таарах аж.
- Эмэгтэй, 51 кг:
Эмэгтэйчүүдийн хөнгөн жинд 18 боксчин хүч үзнэ. Манай тамирчин О.Жаргалан эхний тойрогт хийлээд шөвгийн 16-д Балбын Шреста Бималатай хүч сорино. Түүнийг ялвал өнгөрсөн жилийн Азийн аварга Вьетнамын Ти Там Нген, БНСУ-ын Ун Жин Нам нарын хожсонтой учраа таарах аж.
- Эмэгтэй, 57 кг:
Энэ жинд 14 боксчин тулалдана. Манай тамирчин М.Намуун эхний тойрогт 16-д Хойд Солонгосын Жо Сон Хатай өрсөлдөнө. Түүнийг ялвал ДАШТ-ий мөнгө, Ази тивийн хошой мөнгөтэй Энэтхэгийн боксчин Сониа Латертай оноолт таарах аж.
- Эмэгтэй, 60 кг:
Тус жинд 15 боксчин бүртгүүлжээ. Т.Болортуул Хойд Солонгосын Чой Хе Сонтой учраа таарав. Түүнийг ялвал Шри Ланкийн Крисми Ланкапурайалаж, Тажикийн Шоира Зулкайнарова нарын хожсонтой өрсөлдөнө.