AIBA шүүлтээ сайжруулна

3144

Олон улсын боксын холбоо (AIBA) -ны гүйцэтгэх захирал Том Виргетсийн мэдээлснээр түр удирдах зөвлөлийн Ерөнхийлөгч Гафур Рахимов шүүлтийн асуудлыг сайжруулах тал дээр амлалт ажиллахаа мэдэгдсэн гэнэ.

Азийн Наадмын үеэр боксын тэмцээнд уламжлал болоод буй булхайтай шүүлтийн асуудал үүсч, эмэгтэйчүүдийн ялаан жинд аваргын төлөө тулалдсан Хойд Солонгосын боксчин Пан Чой Ми, БНХАУ-ын Чан Юаны тулааныг буруу шүүсэн гэж үзсэн тул Хойд Солонгосын хоёр дасгалжуулагч эсэргүүцлээ илэрхийлсэн юм. Пак Чол Жюн, Пак Ил Нам хэмээх хоёр дасгалжуулагч рингнээс гарахгүй, эсэргүүцэл зарлаж, хөгжөөн дэмжигчдийг турхирсан юм.

Улмаар аюулгүй байдлыг сахих харуул хамгаалалтын ажилчид болон цагдаагийн байгууллагын тусламжтайгаар хоёр дасгалжуулагчийг рингнээс буулгасан.

Сонирхогчдын бокс булхайтай шүүлтийн асуудлаас болоод олимпийн хөтөлбөрөөс хасагдах шахсан удаатай. Гэхдээ Токио 2020 он хүртэл олимпийн хөтөлбөрт бий. Энэ маягаараа шүүлтийн асуудлыг цэгцлэхгүй бол олимпоос хасагдахад ойрхон ирээд буй. Риогийн олимпийн үеэр ажилласан 36 шүүгч бүгд ямар нэг байдлаар авилга авсан гэж буруутгагдаад торгууль хүлээсэн юм. Тэднийг тэмцээн шүүх эрхийг хязгаарласан ч булхайцах явдал тасрахгүй бололтой.

Олон улсын боксын холбооны гүйцэтгэх захирал Том Виргетс өмнөх олимпод ажилласан шүүгч нарыг авилга авсанд бус харин ур чадвар дутуу тул бүгдийг нь халахад хүрсэн хэмээн өнгөрсөн дөрөвдүгээр сард тайлбарлаж байсан бол одоо шүүгчийн нарын дунд “соёлын довтолгоо” явуулах цаг болсныг хүлээн зөвшөөрсөн байна.

AIBA-гийн удирдах зөвлөлийн хурал ирэх арваннэгдүгээр сарын 2-3-нд ОХУ-ын Москва хотод болно. Одоогоор түр Ерөнхийлөгчөөр ажиллаж буй Узбекистаны Гафур Рахимов энэ үеэр албан ёсоор уг суудалд залрахыг хүсч байгаа юм. Тиймээс шинэчлэл хийх нь цаг хугацааны асуудал бололтой.