Азийн боксын холбооны тэргүүн, Казахстаны Серик Конакбаев AIBA буюу Олон улсын сонирхогчдын боксын холбооны Ерөнхийлөгчид нэр дэвшихээр боллоо.
С.Конакбаев Азийн боксын холбооны тэргүүн, өнөөгийн AIBA-гийн дэд ерөнхийлөгч хүн. Тэрбээр ирэх арваннэгдүгээр сард болох холбооны Ерөнхийлөгчийн сунгаанд өрсөлдөнө гэдгээ зарлаж, гишүүн бүх холбоодод захидал илгээсэн байна.
Казахстаны боксын холбооноос одоогоор түр тэргүүн хийж буй Узбекистаны Гафур Рахимовт С.Конакбаевийн нэрийг дэвшүүлж буйгаа баталж, захидал явуулсан аж.
Одоогоор AIBA-гийн түр тэргүүнээр ажиллаж буй Узбекистаны Г.Рахимовыг АНУ-ын төрийн сангийн газраас “Узбекийн гэмт хэргийн лидер” хэмээн цоллодог.
Энэ сарын 23-нд хүртэл Ерөнхийлөгчийн сунгаанд нэр дэвших хүмүүсийг бүртгэх бөгөөд одоогоор Узбекистаны Г.Рахимов, Казахстаны С.Конакбаев нараас өөр хүн албан ёсоор нэр дэвшээгүй байна.
AIBA-гийн албан ёсны сонгууль арваннэгдүгээр сарын 2-3-нд ОХУ-ын Москва хотод болох юм.
Боксын холбооны түр Ерөнхийлөгч Г.Рахимов эрүүгийн хэрэгт нэр нь холбогдсон ч өөрөө үгүйсгэдэг.
Олон улсад түүний нэр хүнд тийм ч сайн биш аж. Тодруулбал, өнгөрсөн сард Олон улсын олимпийн хорооны тэргүүн Томас Бах түүнийг Ерөнхийлөгчөөр албан ёсоор батлагдвал боксыг олимпод хэвээр үлдэх эсэх нь аюулд орох болно гэж анхааруулсан.
Өдгөө 59 настай С.Конакбаев олимпийн мөнгө, Европын хошой аварга боксчин байсан юм. Сонирхогчдын бокст чамлахааргүй амжилт үзүүлснийхээ дараа тэр улс төрийн замнал хөөж, өдгөө Казахстаны парламентийн гишүүнээр ажиллаж буй. Түүнчлэн 2010 оноос AIBA-гийн удирдах зөвлөлийн гишүүн, 2014 оноос Азийн боксын холбооны тэргүүнээр сонгогдсон.