ОХУ-ын Владивосток хотод болж буй Дорнын Эдийн Засгийн Чуулганы хоёр дахь өдөр Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга, ОХУ-ын төрийн тэргүүн Владимир Путин, Японы ерөнхий сайд Шэнзо Абэ нар Олон Улсын Жүдо бөхийн холбоог үүсгэн байгуулагч, Жэгоро Кэногийн нэрэмжит, өсвөрийн жүдогийн тэмцээнийг үзэж, сонирхсон аж.
Энэ тэмцээнийг мөн Олон Улсын Жүдо бөхийн холбооны одоогийн тэргүүн Мариус Визерь үзсэн байна. Түүнчлэн Бүх Японы Жүдо бөхийн холбооны тэргүүн Ясүхиро Ямашита, Олон Улсын Жүдо бөхийн холбооны менежер Аркади Ротенберг, ОХУ-ын Жүдо бөхийн холбооны Ерөнхийлөгч Васили Анисимов нарын албаны хүмүүс ирсэн юм.
Япон болон ОХУ-ын санаачилгаар зохион байгуулсан тус тэмцээнд таван улсын өсвөрийн тамирчид тодруулбал, ОХУ, Япон, Монгол, БНХАУ, БНСУ-ын эрэгтэй найм, эмэгтэй найман холимог баг өрсөлдсөн.
Сонирхуулахад, энэ тэмцээнийг өнгөрсөн жилээс Владивсток хотын 100 жилийн ойд зориулан, зохион байгуулж эхэлсэн юм. Анхны тэмцээнийг Х.Баттулга, В.Путин, Ш.Абэ нар хамтдаа сонирхож, Орос, Монгол, Японы бөхчүүд хүч сорьсон удаатай.
Албаны төлөөлөгчдөөс гадна ОХУ-ын шилдэг жүдочид энэ тэмцээнийг үзэж сонирхохоор цугларчээ. Олимпийн аварга Мансур Исаев, Лондоны олимпод Н.Түвшинбаярыг ялж, алтан медаль хүртсэн Тайгир Хайбулаев, олимпийн аварга Арсен Галстян, олимпийн аварга Иван Нифонтов, Европын Жүдо бөхийн холбооны тэргүүн Сергей Соловейчик, ОХУ-ын Жүдо бөхийн холбооны дэд тэргүүн Михаил Черкасов зэрэг алдартнууд ирсэн байна.
ОХУ-ын өсвөрийн баг нутаг дээрээ Японыг буулган авч, алтан медаль хүртсэн бол энэ тэмцээнд анх удаа оролцож буй БНСУ-ын баг манай өсвөрийн жүдочдыг ялж, хүрэл медаль хүртжээ.
Дорнын Эдийн Засгийн Чуулганыг ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путины санаачилгаар 2015 оны тавдугаар сарын 19-нд анх зохион байгуулсан. Түүнээс хойш жил бүр Владивосток хотод улс төрийн зүтгэлтнүүд уулздаг болсон юм.