Ларри Нассарын хэрэгт Мичиганы Их Сургуулийн удирдлагууд буруутай юу

1785

Мичиганы Их Сургуулийн болон АНУ-ын гимнастикийн шигшээ багийн эмчээр ажиллаж байсан Ларри Нассар албан тушаалаа ашиглан, олон охид бүсгүйчүүдийг хүчирхийлсэн хэрэгт буруутгагдаж, шүүхийн хаалга татсан. Түүнийг гэм буруутай эсэхийг тогтоохоор шүүх хэргийг нь хэлэлцэж байгаа юм. АНУ-ын шүүхээс түүний хувийн эд зүйлсээс зөвхөн бага насны хүүхдийн сэдэвтэй олон тооны зураг, бичлэгүүд илрүүлж, энэ хэрэгт нь холбооны шоронд 60 жил, мужийн шоронд 40-175 жил хорих ял оноосон.

Гэхдээ зартай хэрэгтний ял үүгээр дуусчихаагүй. Энэ оны хоёрдугаар сард гурван эмэгтэйг хүчирхийлсэн хэргээр дахин мужийн шоронд 40-125 жил хорих ял оноосон юм.

Гэхдээ түүний эсрэг гомдол гаргасан охид, эмэгтэйчүүдийн тоо үүгээр хязгаарлагдахгүй. Маш олон эмэгтэйчүүд, үүний дотор олимп, дэлхийн медальтай гимнастикчид түүний хохирогч хэмээн зарлаж, уг хэрэг одоог хүртэл бүрэн шийдэгдээгүй яваа юм.

Тэгвэл Калифорниа мужийн иргэн Эрика Дэвис хэмээх эмэгтэй Мичиган Их Сургуулийн удирдлагыг буруутгаж, шүүхэд гомдол гаргажээ. Энэ бүсгүй 1992 онд Л.Нассарт хүчиндүүлж, бие давхар болсон талаар Их Сургуулийнхаа удирдлагуудад дуулгасан ч уг хэргийг ил болгоогүй гэнэ. Хэрэг болох үед 17 настай байсан Эрика зүлгэний хоккейн тамирчин байсан аж. Өвдгөндөө гэмтэл авсан учир Л.Нассарын хяналтанд оржээ. Түүнийг хяналтанд байх үед Л.Нассар мансууруулах төрлийн эм өгч, зүй бус хүслээ хангадаг байсан гэнэ. Энэ талаар бүсгүй тухайн үеийн их сургуулийн спортын албаны захирал Жорж Перлест мэдэгдсэн ч тоогоогүй аж.

Мичиганы Их Сургууль Л.Нассарын үйлдэлд хариуцлага тооцоогүй, хохирогчдын хүсэлтийг хүлээн аваагүй, гэмт үйлдлийг таслан зогсооход оролцоогүй учир гэмт этгээдийн хохирогч бүсгүйчүүдэд 500 сая ам.долларын нөхөн төлбөр олгохоор болсон билээ.

Гурван хүүхдийн эцэг Л.Нассарын хохирогч хэмээх олон бүсгүйчүүд бий. Тэдний ихэнх нь Мичиганы Их Сургуулийн оюутнууд байсан юм. Гэхдээ тэднээс хүчирхийллийн улмаас бие давхар болсон гэгдэх цор ганц хохирогч нь Эрика Дэвис аж.