Мэргэжлийн боксын ертөнцөд өнөөдөр нэгэн чухал тулаан боллоо. Мексикийн боксчин Канэло Алварес, Афины олимпийн мөнгөн медальт, сонирхогчдын боксын дэлхийн аварга Казахстаны Геннадий Головкин нар дунд жинд хэн нь аварга болохоо харуулахаар дахин тулалдсан юм. Өнгөрсөн жил болсон эхний тулаанд ялагч тодроогүй. Шүүгчид тус тулааныг тэнцсэн гэж дүгнэсэн юм. Үүний дараа Канэло Алваресаас допинг илэрч, гуравдугаар сард төлөвлөсөн дахин тулаан хойшлогдсон аж. Үзэгчдэд хэдийнэ тасалбараа борлуулаад эхэлсэн зохион байгуулагчид зарсан хөдөлмөрөө буцаахад хүрэв. Ингээд өнгөрсөн хоёрдугаар сард авсан допингийн шинжилгээнээс хойш зургаан сар бокс тоглох эрхээ хасуулсан билээ.
Афины олимпийн мөнгө, сонирхогчдын боксын дэлхийн аварга, Азийн наадам болон шар тивийн аваргаар тодорсон Ж.Головкины хувьд мэргэжлийн боксын рингэнд ялагдаж үзээгүй нэгэн. 2006 оноос хойш мэргэжлийн рингэнд тулалдахдаа 38 ялалт байгуулж, үүнээс 34-ийг нь өрсөлдөгчөө хүнд цохилтоор буулган авсан. Тэгвэл К.Алваресийн хувьд арай өөр замналтай. Сонирхогчдын боксоор бус мэргэжлээр гараагаа эхлүүлж, 15 настайсаа хүнд нударганы амт мэдэрсэн боксчин. Тэрбээр 42 тулаан дараалан ялалт байгуулаад АНУ-ын нэрт боксчин Флойд Мэйвэйдертэй нударга зөрүүлсэн юм. “Мөнгө” хочит америк эрийг дийлээгүй ч удалгүй WBC холбооны дунд жингийн аваргын бүс эзэмших болов.
Хоёр боксчны тулаан үзэгчдийн хүсч байсан шиг сонирхолтой өрнөсөн. Эхний үед К.Алварес илүү байлаа. Ж.Головкиний дасгалжуулагч долдугаар раундын дараагаар бид оноогоор дутуу явааг шавьдаа анхааруулсан тул дунд үе болон сүүлийн раундад казахстан эрийн тоглолт эрс сэргэсэн. Эцсийн дүнд өмнөх тулаан шигээ тэнцэж мэдэхээр байсан ч шүүгчид К.Алварест ялалтыг өгөв. Нэг шүүгч 114:114-өөр тэнцүүлсэн ч нөгөө хоёр нь 115:113-аар мексик тулаанчийг ялсан гэж үзсэн тул К.Алварес WBA, WBC, IBO холбооны дунд жингийн аваргын бүсний эзэн боллоо.
Шүүгчийн энэ шийдвэртэй олон үзэгч санал нийлэхгүй байгаа бололтой. Ж.Головкин ч шүүгчийн шийдвэрт гайхаж, рингнээс ярилцлага өгөлгүй буусан. Ямартай ч гурав дахь тулааныг бид харж магадгүй боллоо.