Азийн Наадамд түрүүлсэн 12 хуруутай энэтхэг тамирчин

3118

Азийн Наадмын хөнгөн атлетикийн олон төрөлтөд түрүүлсэн энэтхэг тамирчин Свапна Барманы хоёр хөл 12 хуруутай гэдгээрээ илүү алдартай. Өдгөө 21 настай түүнд бэлтгэлийн үеэр энгийн гутал өмсөхөд хөл нь өвддөг зовлон бий. Тиймээс спортын томоохон брэнд болох “Adidas” компани зөвхөн түүнд зориулсан пүүз урлаж өгчээ.

С.Барман Азийн Наадамд түрүүлснийхээ дараагаар хэвлэлд өгсөн ярилцлагадаа “Таван хуруутай хүмүүст зориулсан пүүз өмсөж бэлтгэл хийх үеэр хөл маань их өвддөг. Тиймээс илүү том гутал өмсөх шаардлага гардаг юм” гэж ярьсан аж.

Түүний энэ гомдлыг Энэтхэгийн спортын сайд, таваг буудлагын төрлөөр Афины олимпоос мөнгөн медаль хүртэж байсан Ражьяавардхан Ратхор сонсоод Энэтхэгийн спорт хариуцсан байгууллагуудтай холбогдож, тамирчинд тохирсон спорт гутал хийлгэх тушаал буулгасан юм. Энэ дагуу Германы “Adidas” брэндэд захиалга өгч, С.Барманд таарсан гутал хийхээр болжээ.