Жүдо ДАШТ: Алдрын танхим 2018-д багтсан тамирчдад хүндэтгэл үзүүлэв

2592

Азербайжаны нийслэл Баку хотод жүдо бөхийн ДАШТ энэ долоо хоногт болно. Тус тэмцээнээс өмнөхөн жүдо бөхийн холбооны удирдлагууд, алдартнуудад зориулсан гала тоглолт зохион байгуулж, 2018 оны Алдрын танхимын гишүүдэд хүндэтгэлийн зоог барьжээ.

Энэ ёслолын ажиллагаанд жүдогийн домогт тамирчид, Олимпийн аваргууд, хүндэт зочид төлөөлөгчид оролцов. Олон улсын жүдо бөхийн холбооны тэргүүн Мариус Визерь хүндэт зочдод хүрэлцэн ирсэнд талархаж байгаагаа илэрхийлсэн юм. Мөн уг арга хэмжээг зохион байгуулсан Азербайжаны жүдо бөхийн холбооны Ерөнхийлөгч Ровнаг Абдуллаевт талархсан юм.

Дуучин Самра Рахимли

2018 оны Алдрын Танхимын гишүүд:

  • Элнур Маммадли (Азербайжан)

Элнур Маммадли Азербайжаны спортын түүхэнд олимпийн аварга болсон дөрөв дэх, Бээжингийн олимпоос алтан медаль хүртсэн цор ганц тамирчин. 2007 онд ДАШТ-ээс мөнгөн медаль хүртэж, Европын хошой аварга болсон жүдоч. Өдгөө Азербайжаны жүдо бөхийн холбооны дэд ерөнхийлөгчөөр ажиллаж буй.


  • Назим Хуссейнов (Азербайжан)

Азербайжан улс тусгаар улс болсноос хойш 1992 оны Барселонагийн олимпод анхны аварга төрж байв. Энэ бол Назим Хуссейнов. Тэрбээр 1993 онд Канадын Хэмилтон хотод болсон ДАШТ-ээс мөнгө, ЗХУ-ын нэр дээрээс ДАШТ-ээс хүрэл медаль хүртсэн жүдоч.


  • Илхам Закиев (Азербайжан)

Паралимпийн хошой аварга, хүрэл медальт. ДАШТ-ээс хошой алт, мөнгө, хошой хүрэл медаль хүртсэн Илхам Закиев Европын Наадмын аварга, буурал тивдээ долоон алтан медаль хүртсэн юм.


  • Антал Ковакс (Унгар) 

Унгарын жүдо бөхийн түүхэнд олимп, дэлхийн аварга болсон анхны жүдоч гэдгээрээ алдартай Антал Ковакс энэ жагсаалтад багтлаа. 1992 оны Барселонагийн олимпийн аварга, ДАШТ-ээс алт, мөнгөн медаль хүртэж байсан А.Коваксын шагналыг Тедди Ринер гардуулсан юм.


  • Хитоши Сайто (Япон)

Олимпийн хошой аварга, ДАШТ-ий алт, мөнгөн медальт Японы нэрт бөх Хитоши Сайто 2015 онд таалал төгссөн. Түүний шагналыг гэр бүлээс нь эхнэр Миеко Сайто төлөөлсөн юм. Х.Сайто хүнд жинд дараалан олимпийн аварга болсон Японы анхны жүдоч билээ.


  • Аюми Танимото (Япон)

Олимпийн хошой аварга (2004, 2008) япон бүсгүй ДАШТ-ээс мөнгө, хошой хүрэл медаль хүртсэн. Азийн наадамд алт, хүрэл медаль хүртсэн тэрбээр 2001 онд Улаанбаатар хотод болсон Азийн АШТ-д түрүүлж байв.


  • Шянь Дунмэй (БНХАУ)

Олимпийн хошой аварга, Азийн Наадмын мөнгөн медальт, тивийн АШТ-ээс хошой мөнгө, нэг хүрэл медаль хүртсэн нанхиад бүсгүй одоо Хятадын жүдо бөхийн холбооны тэргүүнээр ажиллаж буй.


  • Сүн Хүи Ке (Хойд Солонгос)

Олимпийн гурван жинд гурван өөр медаль хүртэж байсан Сүн Хүи Ке ДАШТ-ээс дөрвөн алт, мөнгө, хүрэл медаль хүртсэн удаатай. 1996 оны Атлантад 48 кг-д алт, дөрвөн жилийн дараа Сиднейд 52 кг-д барилдаад хүрэл, 2004 оны Афины олимпод 57 кг-д мөнгөн медаль хүртсэн.


  • Мин Сүн Чой (БНСУ)

Одоо дээд зэрэглэлийн шүүгч болсон солонгос бүсгүй 1988 оны Сөүлийн олимпод хүрэл, хожим 1966 онд олимпийн аварга болсон. Түүнчлэн ДАШТ-ээс хошой алт, хошой хүрэл медаль хүртжээ.


  • Анис Лоунифи (Тунис)

Жүдо бөхийн төрлөөр ДАШТ-ээс алт, мөнгөн медаль хүртсэн тунис эр гавьяагаа үнэлүүлэв. Тэрбээр Африк тивээс тодорсон анхны дэлхийн аварга болж байлаа.


  • Хешам Месба (Египет)

Олимп, дэлхийн хүрэл медальт Х.Месба жүдо бөхийн төрлөөр олимпоос (2008 онд) медаль хүртсэн хоёр дахь Египетийн жүдоч болж байв. Түүнээс 24 жилийн өмнө Мохамед Рашван 1984 оны Лос Анжелесийн олимпод мөнгөн медаль зүүснээс хойш Х.Месба хүрэл медаль хүртсэн түүхтэй.


  • Амар Бениклеф (Алжир)

Бээжингийн олимпоос мөнгөн медаль хүртсэн Амар өдгөө Алжирын шигшээ багийн ахлах дасгалжуулагчаар ажиллаж буй.


  • Николас Гилл (Канад)

Олимпийн мөнгө, хүрэл, ДАШТ-ий мөнгө, хошой хүрэлтэй, Пан Америкийн АШТ-ий хошой алт, мөнгөтэй Канадын нэрт жүдоч Николас Гилл “Алдрын Танхим”-д багтжээ. Өдгөө тэрбээр дасгалжуулагчийн албанд зүтгэж, шавь нараас нь Лондоны олимпийн хүрэл медальт хүртэл тодорсон билээ.


  • Жимми Педро (АНУ)

Олимпийн хошой хүрэл медальт, ДАШТ-ий алт, хошой хүрэлтэй Жимми Педро дасгалжуулагчийн замналдаа ч олон шилдгүүд бэлтгэсэн. Түүний удирдлага дор олимпийн хошой аварга Кайла Харрисон, олимпийн мөнгөн медальт Травис Стивенс, олимпийн хүрэл медальт, холимог тулааны аварга Ронда Роузи гэх мэт олон шилдгүүдийн багш аж.


  • Русти Канокоги (АНУ)

Еврей гаралтай нэрт дасгалжуулагч. Анхны эмэгтэйчүүдийн ДАШТ-ийг зохион байгуулахад гар бие оролцсон зүтгэлтэн. Түүний ачаар эмэгтэйчүүдийн ангиллыг 1988 оны Сөүлийн олимпийн хөтөлбөрт багтаасан юм. Р.Конакоги 2009 онд нас барсан. Түүний шагналыг Жимми Педро төлөөлөн гардаж авсан юм.


  • Роналдо Вэйтиа (Куба)

Куба эр шигшээ багаа 1992-2012 оны хооронд зургаан олимпод дасгалжуулж, энэ хугацаанд таван алт, есөн мөнгө, 10 хүрэл медаль хүртжээ.


  • Марк Хуизинга (Нидерланд)

Марк 2000 оны олимпийн 90 кг-д Бразилын Карлос Хоноратог иппоноор ялж, алтан медаль хүртэж байв. Тэрбээр 1996, 2004 онд олимпоос хүрэл медаль зүүсэн жүдоч. Олимпод одтой ч ДАШТ-ээс 2005 онд л ганц хүрэлтэй үлдсэн түүхтэй.


  • Жэйн Бриж (Их Британи)

Их Британийн жүдоч Жэйн Бриж 1980 онд зохиогдсон анхны эмэгтэй ДАШТ-д 48 кг-д түрүүлж, анхны эмэгтэй дэлхийн аваргаар нэрээ мөнхөлсөн юм.


  • Фелис Мариани (Итали)

Италиас жүдогийн төрлөөр анхны олимпийн медаль хүртсэн жүдоч. Их спортоо орхиод дасгалжуулагчийн албанд зүтгэх болсон итали эр Жулия Квинтаваллег Бээжингийн олимпод түрүүлэхэд багшаар нь ажиллаж байв.