“Баку 2018” жүдо бөхийн ДАШТ-ий хоёр дахь өдөр эрэгтэй 66, эмэгтэй 52 кг-д ах дүү Абэгийн наадам боллоо. Эмэгтэйчүүдийн 52 кг-д 18 настай Үта Абэ, өнгөрсөн жилийн дэлхийн аварга, нутаг нэгт Ай Шишимэг ялснаар анх удаа аварга болов.
Үта Абэ өчигдөр 48 кг-д түрүүлсэн Дарья Билодидоос гурван сараар эгч. Тэрбээр хамгийн залуудаа насанд хүрэгчдийн дэлхийн аваргаас алтан медаль хүртсэн тамирчдын жагсаалтад гуравдугаарт жагсах боллоо. Тодруулбал, Украины Д.Билодид 17 нас, 345 хоногтой, Японы алдарт Рюүки Тани 18 нас, 27 хоногтой аваргалсны дараа 18 нас, 69 хоногтой Үта Абэ бичигдэж байна.
Өнгөрсөн жилийн дэлхийн аварга, Японы Ай Шишимэ энэ удаад мөнгөн медаль зүүлээ. Харин хүрэл медалийг Бразилын алдарт жүдоч Эрика Миранда, уг жинд дэлхийн чансааг тэргүүлж буй Францын Аминдин Бушар нар хүртсэн юм.
Э.Мирандагийн хувьд ДАШТ-ий таван медальтай боллоо. Тэрбээр 2007 оноос хойш дэлхийн дэвжээнд медалийн төлөө хүч үзсэн нэгэн. Сүүлийн таван ДАШТ-д дараалан медалийн төлөө хүч сорьж, нэг мөнгө, дөрвөн хүрэл медаль хүртсэн гайхамшигтай амжилтын эзэн болов.
А.Бушарын хувьд дөрвөн жилийн өмнө 48 кг-д хүрэл медаль хүртэж байсан амжилтаа ихэрлүүлж, дэлхийн хошой медальтан болжээ.
Эрэгтэйчүүдийн 66 кг-д дэлхийн аварга цолоо хамгаалж буй Хифүми Абэг зогсоох хүн гарсангүй. Төрсөн дүү нь анхны алтан медалиа хүртсэн бол ах нь энэ өдөр дэлхийн хошой аварга боллоо. Х.Абэ өнгөрсөн жил 20 нас, 20 хоногтой дэлхийн дэвжээнд түрүүлж, залуухан аваргын тоог нэгээр нэмсэн түүхтэй. Ийнхүү 21 нас, 43 хоногтойдоо дэлхийн хошой аварга хэмээн дуудуулах боллоо.
Энэ жинд мөнгөн медалийг Казахстаны Ерлан Серикжанов хүртлээ. Тэрбээр хэсгийн аваргын төлөө Ганболдын Хэрлэнг ялж, хагас шигшээд Израилийн Тал Фликерийг сөхрүүлсэн.
Харин хүрэл медалийг Украины алдарт Георгий Зантарьяа, БНСУ-ын Ан Баул нар хүртэв. Олимпод одгүй алдарт Г.Зантарьяа 2009 онд дэлхийд түрүүлснээс хойш алт, мөнгө, дөрвөн хүрэл медальтай боллоо. Олимпийн мөнгөн медальт Ан Баулын хувьд ДАШТ-ээс алт, хүрэл медаль хүртсэн амжилттай боллоо.