Буэнос-Айрес 2018: Г.Тэмүүжин жүдочдоос анхны медалийг авлаа

3025

“Буэнос Айрес 2018” залуучуудын зуны III олимпийн эхний өдөр манай баг тамирчдаас жүдо бөхийн хөвгүүдийн 55 кг-д зодоглосон Г.Тэмүүжин мөнгөн медаль хүртэж, ард түмнээ баярлуулав.

Г.Тэмүүжин Колумбын Хуан Монтеглегриг, Украины Оле Вередыбаг тус бүр буулган авсан ч аваргын төлөө өсвөрийн Европын аварга Беларусийн Артсиом Коласаүд ялагдаж, мөнгөн медалийн эзэн болсон юм. Энэ медаль Залуучуудын олимпоос хүртэж буй Монголын багийн дөрөв дэх, жүдочдын хувьд анхных нь аж. Өмнө нь Сингапурт болсон анхдугаар олимпийн эхний медалийг чөлөөт бөхийн төрөлд Б.Батцэцэг, дараа нь гимнастикийн тамирчин Г.Эрдэнэболд нар алт, Нанжины хоёрдугаар олимпод чөлөөт бөхийн төрөлд Б.Дөлгөөн мөнгөн медаль хүртсэн. Жүдогоос О.Дөлгөөн холимог багийн төрөлд мөнгөн медаль зүүж байсан ч албан ёсны бүртгэлд ордоггүй аж.

“Буэнос Айрес 2018” Залуучуудын III олимпод мөнгөн медаль хүртсэн жүдоч Г.Тэмүүжин

Залуучуудын зуны олимпод багийн төрлөөр анх удаа оролцож буй билээ. Анхдагчид нь 3х3 сагсан бөмбөгийн төрөлд хөвгүүдийн 18 хүртэлх насны шигшээ багийнхан юм. Монголын тугч Б.Алтангэрэл, Ч.Ихбаяр, Г.Ган-Эрдэнэ, М.Өлзий-Орших нарын манай тамирчид эхний өдөр хэсгийн шатны хоёр тоглолт хийж, харамсалтай нь хоёуланд нь хожигдлоо. Тодруулбал, эхний тоглолтод Эстонийн эсрэг 13:22-оор хожигдсон бол дараа нь АНУ-ын хөвгүүдэд 19:21-ээр ялагдсан. Азийн АШТ-ээс хүрэл медаль хүртэж байсан хөвгүүд одоо Аргентин, ОХУ-ын багтай тоглоод хэсгийн шатны тэмцээн дуусна.


Таеквондогийн хөвгүүдийн 48 кг-д хүч сорьсон П.Дүүрэнжаргал эхний тойрогт Палестиний Мохаммед Ясиниг 42:25-аар илүүрхсэн ч харамсалтай нь, шөвгийн наймд Узбекистаны Улугбек Рашитовд 3:44-өөр ялагдлаа. Энэ төрөлд ОХУ-ын Дмитрий Шишко, Узбекийн У.Рашитовыг ялж, аварга болсон юм.