Будапешт 2018: П.Орхоныг Э.Гантуяа, Ш.Түмэнцэцэгийг С.Батцэцэг орлоно

9267

Энэ сарын 20-28-нд Унгарын Будапешт хотод чөлөөт, сонгомол бөхийн насанд хүрэгчдийн ДАШТ болно. Уг тэмцээнд явах бөхчүүдийг тэмцээн болохоос хоёр сарын өмнө сорилго барилдаанаар тодруулсан юм.

Харамсалтай нь, Монголын эмэгтэй шигшээ багт зайлшгүй хийх ёстой зүйл байсан нь 62 кг-д допинг хэрэглэсэн хэмээн асуудалд ороод буй П.Орхоны жинд хэн явах вэ гэдэг асуулт байлаа. Азийн наадмын үеэр түүнээс авсан шинжилгээгээр хориотой бодис илэрч, алтан медалийг нь хурааж авсан. Одоогоор Дэлхийн бөхийн нэгдсэн холбоо эцсийн шийдвэрээ танилцуулаагүй байгаа ч П.Орхон ДАШТ-д оролцохгүй нь тодорхой болсон юм. Тиймээс түүний жинд Э.Гантуяаг оролцуулахаар болжээ.

Түүнчлэн эмэгтэйчүүдийн 68 кг-д ДАШТ-д явах эрхээ авсан Ш.Түмэнцэцэг Азийн наадмын үеэр мөрөндөө бэртэл авсан тул дэлхийн тэмцээнийг өнжих болжээ. Харин энэ жинд Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин С.Батцэцэг өрсөлдөнө. С.Батцэцэг сорилго барилдаанд доод жиндээ буюу 62 кг-д П.Орхонд ялагдсанаар эрхээ авч чадаагүй байсан юм.

Будапештийг зорих эмэгтэй шигшээ баг:

  • 50 кг: Э.Нарангэрэл (Хангарьд)
  • 53 кг: Э.Сумъяа (Хилчин)
  • 55 кг: Э.Даваачимэг (Хилчин)
  • 57 кг:А.Батцэцэг (Хасу-Мегастарс)
  • 59 кг:  Б.Шоовдор (Хасу-Мегастарс)
  • 62 кг: Э.Гантуяа (Хилчин)
  • 68 кг: С.Батцэцэг (Хилчин)
  • 72 кг:О.Насанбурмаа (Женко)
  • 76 кг: Г.Наранчимэг (Хилчин)