2018 оны 10-р сарын 06-нд буюу хоёр хоногийн өмнө “Алдар” спорт хорооны зааланд үндэсний бөхийн Намрын улирлын нээлтийн барилдаан болж өнгөрөв. МҮБХ-оос нээлтийн барилдааныг өнгөрсөн сарын сүүлээр Монгол Бөхийн өргөөнд болно хэмээн зарласан юм. Тухайн үед бөх сонирхогчид МҮБХ-ны удирдлагын төлөө маргалдаж байсан талууд одоо л нэг учир зүйгээ олсон бололтой хэмээн баярлаж байтал дархан аварга Х.Баянмөнх тэргүүтэй хүмүүс барилдаан зохион байгуулвал дахин үймээн дэгдээнэ гэсэн учир бөхийн өргөөнд зарлагдаад байсан барилдааны тов өөрчлөгдсөн гэж Б.Бат-Эрдэнэ аварга тэргүүтэй хуучин холбооны удирдлагууд мэдэгдсэн билээ. Бөхийн барилдаан эхлэх үед тэр болгон үзэгдээд байдаггүй цагдаагийн хамгаалалт гарсан нь маргалдагч тал буюу дархан аварга Х.Баянмөнх, А.Сүхбат, бизнесмэн Л.Чинбат нар үймээн гаргахаас сэргийлсэн боловуу гэсэн яриа энд тэнд сонсогдож, тэд ирэх болов уу гэсэн сонжоо түрүү бөх хэн бэ? гэх таамаглалын хамт чихнээс чих, амнаас ам дамжиж байв. Уг барилдаанд улсын арслан П.Бүрэнтөгс, Э.Оюунболд, Ц.Содномдорж тэргүүтэй улс, аймаг, сумын алдар цолтой нийт 192 бөх барилдахаар бүртгүүлсэн, тэдний дунд улсын аварга, гарьд, заан цолтон байсангүй. Улсын цолтой 22 бөх нэгийн даваанд гарч бүгд учраа бөхөө өвдөг шороодуулахад начин цолтны шинэхэн тэмдэг нь Ш.Дарханбат, Д.Амаржаргал, Б.Даваа-очир нарыг чимэж байлаа.
Нэгийн даваанд жүдо суурьтай сумын заан Э.Түмэннасан, Баянхонгорын Э.Өлзийбаяр нар учраа аймгийн арслан цолтой бөхчүүдээ давж хоёрын даваанд зүүн барууны магнай бөхчүүдэд хүрч барилдах болзол хангав. МҮБХ-ны зүгээс допинг хэрэглэсэн бөх барилдсан, эрэмбэ зөрчиж оноолт хийсэн, албан ёсны мэдээ ирүүлээгүй гэх шалтгаанаар долоон аймаг, хотын барилдааныг хүчингүйд тооцсон. Үүнийг Говь-сүмбэр аймагт шөвгөрсөн Э.Мөнхбаатар, Завхан аймагт түрүүлсэн П.Өсөхбаатар тэргүүтэй бөхчүүд хуучин цол эрэмбээрээ гарч барилдсан нь нотолно. Харин энэ оны шинэхэн аймгийн арслангууд болох Ц.Ганбат, Г.Жамбалдорж, Т.Эрболат, Э.Сумъяабат, Б.Орхонбаяр нарын уран хурц шийдэмгий барилдаантай бөхчүүд бөх сонирхогчдын нүдийг хужирлаж байв.
Хоёрын даваанд Өвөрхангайн шинэхэн аймгийн начин, сумын заан цолтны барилдааны бүх цаг үеийн томоохон төлөөлөл Н.Даваадорж улсын харцага Г.Алтангэрэлийг, Д.Хадбаатар аваргын хүү аймгийн начин Х.Мягмарсүрэн улсын начин Б.Баатарцолыг, нилээдгүй зузаарч хувирсан Архангайн аймгийн начин О.Мөнх-Эрдэнэ улсын начин Б.Чимэдванданг, уран барилдаант а.х Я.Бумбаяр шинэ начин Д.Амаржаргалыг тус тус өвдөг шороодуулав. Давааны төгсгөлд Э.Сумъяабат болон Ш.Пүрэвгарьд хоёрын хооронд явагдсан барилдаан сонирхогчдын анхаарлыг ихэд татаж шинэ арслан удаж төдөлгүй зүүн талд нь хонгодож, дамжуулан давхар хамаа болгож даван цол дагаж бяр нэмсэнээ үзэгч олондоо гайхуулав.
Гурвын даваанд У.н Д.Амарсайхан, Б.Хишигбаатар нар ам бөхдөө өвдөг шороодсон бол жижиг биетэй шинэ начин Б.Даваа-очир 13 бөхөөс хамгийн том биетэй, хүнд жинтэй, хурц арслан Ө.Сүхбатыг амлан авч дархан мордох мэхээрээ давсан юм. Дөрвийн даваанд 24 бөх үлдсэн бөгөөд арслан Ц.Содномдоржийн өнгөрсөн улсын наадмын дөрвийн давааны учраа түүнтэй дахин таарч чамгүй зовоож байж тахим өгөв. Д.Тогтохжаргал энэ цаг үеийн шилдэг бөхтэй хоёр дараалан эн тэнцүү сайхан барилдаан үзүүлж бөхийн хувьд ямар ч сорилгод бэлэн байгаагаа нотолж “улсын цолтны гэр бүлд удахгүй ороод ирнэ” гэдгээ зарлав. Мөн сумын чинээ биетэй улсын дайтай барилдаантай Б.Серик нягт барилдаант Ч.Хөхчирэнгэрийг нааж хавиран тавын давааны зүг дэвэв.
Тавын даваанд 12 бөх үлдсэнээс ганцхан аймгийн цолтой нь Б.Эрдэнэхүү байсан ч бяртай харцага Б.Бат-Өлзийд өвдөг шороодов. Зарим хүмүүс 12 улсын цолтой бөх үлдлээ гэж албан бусаар цоллож суув. Тус даваанд улсын арслан Ц.Содномдоржийг улсын харцага М.Бадарч зүүн талдаа мушгиж хаясанаар заан цолны мөрөөдлөө таслуулсан хариугаа энд ирж авлаа. Ч.Батчулуун, Д.Анар, Л.Батзориг нарын начингууд чанартай сайн барилдаан үзүүлсээр тавын даваа хүртэл явав. Зургаагийн даваанд улсын арслан П.Бүрэнтөгс, начин Б.Даваа-очирыг дунгуйлдаад, улсын арслан Э.Оюунболд харцага Х.Гантулгыг голлож түрээд, хүчит харцага Б.Бат-Өлзий үеийн цолтон М.Бадарчийг бярдаж түрж давсанаар их шөвөгт үлдлээ. Шөвөгт гурван бөх үлдсэн тул зүүний магнай гоц мөргөж, Б.Бат-өлзий харцга Э.Оюунболдыг баруун талд барьц сонгоод хашиж мордож давав. Өвдөг шороодсон арсланг жингээ хасаж, барилдах хэв маяг нь бага ч гэсэн сэргэсэнд үзэгч олон тун ч баяртай байлаа. Тэргүүн байрын төлөө өнгөрсөн цагаан сарын түрүү, үзүүр бөхчүүд үлдэж өндөр арслан П.Бүрэнтөгс давхар шуудганаас голлож түрж давсанаар 2018 оны намрын нээлтийн барилдаанд түрүүллээ.
Барилдаан эхлэхэд хүмүүс өндөр арслан түрүүлэх байх, Л.Чинбатын талынхан ирж үймүүлэх байх гэсэн 2 таамаг голчлон дэвшүүлж байсан ч нэг нь байндаа бууж нөгөөх нь бөхийн өргөөнд тусав.
Бөх сонирхогч: Х.Пүрэвжал