AIBA: Серик Конакбаев шүүхэд гомдол гаргав

1333

Азийн сонирхогчдын боксын холбооны Ерөнхийлөгч, олимп, дэлхийн мөнгөн медальт Казахстаны Серик Конакбаев Олон улсын сонирхогчдын боксын холбооны (AIBA) Ерөнхийлөгчийн сунгаанд өрсөлдөхөөр шийдсэн ч хуваарьт өдрөө багтааж, 20 улсаас дэмжлэг авч чадаагүй гэсэн шалтгаанаар хасагдсан. Ингэснээр одоогоор түр Ерөнхийлөгчөөр ажиллаж буй Узбекистаны Гафур Рахимов цор ганц нэр дэвшигчээр тодорсон.

Ирэх арваннэгдүгээр сарын 3-4-нд ОХУ-ын Москва хотод болох AIBA-гийн чуулганаар албан ёсны Ерөнхийлөгчийг зарлах юм.

Харин С.Конакбаев энэ шийдвэрийг эсэргүүцэж, спортын арбитрын шүүхэд гомдол гаргажээ. Ерөнхийлөгчийн сунгаанд өрсөлдөх хүмүүсийн хүсэлтийг өнгөрсөн есдүгээр сарын 23-нд эцсийн байдлаар хүлээн авах байв. Харин С.Конакбаев маргааш нь буюу 24-нд шаардлага хангасан хүсэлтээ өгсөн. Швейцарийн хуулиар бол 23-д амралтын өдөр буюу ням гариг таарсан учраас С.Конакбаев шүүхэд ялалт байгуулна гэдэгтээ итгэлтэй байгаа аж.

AIBA-гийн одоогийн түр Ерөнхийлөгч Г.Рахимовыг АНУ-ын зүгээс хориг тавьж, гэмт хэрэгтэн хэмээн цоллоод удаж буй. Олон улсын олимпийн хорооны зүгээс бол Европын боксын холбооноос узбек эрийг дэмжихгүй гэдгээ илэрхийлсэн. “Буэнос Айрес 2018” залуучуудын зуны III олимпод Г.Рахимовыг оролцох эрхийг нь хассан гэдгээ Олон улсын олимпийн хорооны зүгээс мэдэгдсэн юм. Цаашлаад түүнийг тэргүүнээр сонговол сонирхогчдын боксын олимпийн хөтөлбөрт байх эсэх нь эргэлзээтэй болох аж.