Багамын арлуудын нийслэл Нассау хотод 21 хүртэлх насны жүдо бөхийн залуучуудын ДАШТ болно. Өнөөдөр нээлтээ хийх тус тэмцээнд 67 орны 427 жүдоч (241 эр, 186 эм), долоон улсын холимог багийн барилдаан болохоор Карибын тэнгисийн аралд цугларчээ. Тэмцээн энэ сарын 17-21-нд болох юм.
Холимог багийн тэмцээнд Япон, Франц, Гүрж, ОХУ, Бразил, Герман, Казахстаны багууд оролцох юм. Энэ тэмцээн эрэгтэйчүүдийн -90 кг жингийн барилдаанаар эхлэхээр болжээ.
Эхний өдөр олны анхаарлыг татаж буй хүн бол Украины залуу жүдоч, насанд хүрэгчдийн дэлхийн аварга Дария Билодид юм. Өдгөө 18 настай украин охин сүүлийн долоон тэмцээн дараалан ялагдаагүй явна.
Харин Японы залуучуудын шигшээ баг эрэгтэй, эмэгтэй тус бүр 10 буюу нийт 20 жүдоч илгээжээ.
Японы хүнд жинд олны анхаарлыг татсан бөх бол Саито Тацүрү. Энэ жил 16 настай тэрбээр нэрт жүдоч, олимпийн хошой аварга (1984, 1988) Саито Хитошигийн төрсөн хүү юм. Хэдийгээр нас бага боловч 190 гаруй см өндөртэй, 155 кг жинтэй аварга эр. С.Тацүрү Кодокан цом болон ирэх арваннэгдүгээр сард болох Осакагийн Их Дуулгад оролцохоор төлөвлөж байгаа юм.
Японы шигшээд удам залгасан бас нэг хүчтэн бий. Түүний нэрийг Кога Генки гэдэг. Өдгөө 19 настай энэ залуу 1992 оны Барселонагийн олимпийн аварга, дэлхийд гурав түрүүлсэн Кога Тошихикогийн хүү. Эрэгтэйчүүдийн 60 кг-д зодоглох Кога Генки 2015 онд өсвөрийн дэлхийн аварга болж, өнгөрсөн жил залуучуудын ДАШТ-ээс хүрэл медаль хүртсэн билээ.
Монголын шигшээ багийн бүрэлдэхүүн:
ЭМЭГТЭЙ
- 48 кг: Э.Уртнасан
- 52 кг: Б.Хорлоодой
- 57 кг: Л.Энхрийлэн
ЭРЭГТЭЙ
- 55 кг: И.Ядамсүрэн
- 60 кг: Э.Сумъяабазар
- 66 кг: Б.Нармандах
- 73 кг: Б.Дарханбаатар
- 81 кг: Г.Пунцагцэрэн
- 90 кг: Э.Үнэнхүү
- +100: О.Цэцэнцэнгэл
- +100 кг: С.Бат-Орших
Манай шигшээд ч бас удам дамжсан бөхчүүд бий. Улсын начин Б.Одхүүгийн хүү аймгийн арслан О.Цэцэнцэнгэл, улсын харцага Д.Сумъяабэйсийн хүү С.Бат-Орших нар залуучуудын ДАШТ-ий +100 кг-д хүч сорихоор болжээ.
Тэмцээний хөтөлбөр (Монголын цагаар)
Аравдугаар сарын 17-18-нд
23:00 цагаас хэсгийн барилдаан
4:00 цагаас финалын барилдаан
Эмэгтэй: 44, 48 кг
Эрэгтэй: 55, 60 кг
Аравдугаар сарын 18-19-нд
22:30 цагаас нээлтийн ажиллагаа
23:00 цагаас хэсгийн барилдаан
4:00 цагаас финалын барилдаан
Эмэгтэй: 52, 57 кг
Эрэгтэй: 66, 73 кг
Аравдугаар сарын 19-20-нд
23:00 цагаас хэсгийн барилдаан
4:00 цагаас финалын барилдаан
Эмэгтэй: 63, 70 кг
Эрэгтэй: 81, 90 кг
Аравдугаар сарын 10-21-нд
23:00 цагаас хэсгийн барилдаан
4:00 цагаас финалын барилдаан
Эмэгтэй: -78, +78 кг
Эрэгтэй: -100 кг, +100 кг
Аравдугаар сарын 21-22-нд
Холимог багийн тэмцээн
1:00 цагаас хэсгийн барилдаан
4:00 цагаас финалын барилдаан