Унгарын Будапешт хотод болж буй бөхийн төрлүүдийн ДАШТ гурав дахь өдрөө үргэлжлэв. Энэ өдөр чөлөөт бөхийн эрэгтэйчүүдийн 70, 97 кг, эмэгтэйчүүдийн 55, 59 кг-ийн урьдчилсан шатны барилдаан болов. Манай улсаас дөрвөн бөх зодоглосон ч эмэгтэйчүүдийн 59 кг-д Баатаржавын Шоовдор хагас шигшээд ганцаараа хүч сорьлоо.
Өнгөрсөн жил “Парис 2017”-д эрэгтэй чөлөөт бөхийн 97 кг-д АНУ-ын Кайл Снайдер, ОХУ-ын Абдулрашид Садулаев нар аваргын төлөө барилдаж, тэр финалыг “Зууны барилдаан” хэмээн онцолсон.
Тэгвэл Будапештийн дэвжээнд “Зууны тулаан II” айсуй.
К.Снайдер Риогийн олимпийн аварга, дэлхийн хошой алтан медальт. Насанд хүрэгчдийн ангилалд 79 ялж, 9 удаа хожигдсон үзүүлэлттэй. Сүүлийн нэг жил гаруйн хугацаанд Азербайжаны Асланбек Алборов түүнийг хоёр удаа ялсныг эс тооцвол өөр хүнд хожигдоогүй юм. Америкийн шигшээ багийн түүхэнд хамгийн залуудаа олимп, дэлхийн аварга болсон бөх. Кайл эхний барилдаанаа манай тамирчин Ө.Батзултай хийж, 8:3-аар хожсон юм.
“Орос танк” хочит А.Садулаев Риогийн олимпод 86 кг-д түрүүлсэн. ДАШТ-ий хошой алт, нэг мөнгөн медальтай. Олон улсын тэмцээнд түүнийг 2 хүн л унагааж байв. Эхнийх нь Азербайжаны Гамзат Османов, нөгөөх нь АНУ-ын К.Снайдер. Энэ удаагийн ДАШТ-д учраа таарсан бүх өрсөлдөгчөө оноогоор цэвэр ялсан.
Эрэгтэйчүүдийн 70 кг-д дагестан гаралтай Бахрейний бөх Адам Батиров 33 насандаа дэлхийгээс анхны медалиа зүүх нь тодорхой болов. Түүнтэй аваргын төлөө “жинхэнэ орос” Магомедрасул Газимагомедов аваргын төлөө барилдах юм. Өдгөө 27 настай М.Газимагомедов 2015 онд Лас Вегасын дэвжээнд алтан медаль хүртсэн билээ.
Энэ жинд Б.Бямбадорж эхний тойрогт Иракийн Давоод Салманыг 10:0-ээр цэвэр ялж, дараагийн даваанд ДАШТ-ий мөнгө, хүрэл медальт АНУ-ын Жэймс Гринийг 4:2-оор “гомдоосон” ч М.Газимагомедовт цэвэр ялагдсан. Гэхдээ дагестан эр шигшээд шалгарсан тул манай тамирчин дагах барилдаан хийнэ. Туркийн Мустафа Кайя, Канадын Хэйслэн Антонио Веранес Гарсиа нарын ялсантай нь хүч сорих юм. Б.Бямбадорж ялвал хүрлийн төлөө Гүржийн Зураби Йакобишвилитэй барилдана. Гүрж эр өнгөрсөн жилийн ДАШТ-д доод жиндээ буюу 65 кг-д алтан медаль хүртсэн юм.
Эмэгтэйчүүдийн хоёр жинд Японы хоёр бөх аваргын төлөө шалгарч үлдсэн. 55 кг-д Маюү Мүкаида гурван жил дараалан ДАШТ-ий шигшээд шалгарч үлдлээ. Тэрбээр Будапештийн дэвжээнд өмнө нь алт авсан ч өнгөрсөн жил Парист 53 кг-д зодоглоод мөнгөн медаль хүртсэн юм. Түүнтэй аваргын төлөө Беларусийн Залина Сидакова тунаж үлдсэн аж.
Уг жинд Э.Даваачимэг хүч сорьсон ч БНХАУ-ын Ци Жанд 5:3-аар ялагдаад тэмцээнээ өндөрлөв.
59 кг-д Японы бөх, олимпийн аварга, ДАШТ-ий хошой алт, нэг мөнгөн медальтай Рисако Каваи, Туркийн Элиф Йесилирмактай аваргын төлөө барилдана. Энэ жинд зодоглосон Б.Шоовдор хоёр ялсан ч хагас шигшээд Туркийн бөхөд 11:1-ээр ялагдаад хүрлийн төлөө барилдахаар болсон юм.
Хагас шигшээ барилдааны үр дүн:
Эрэгтэй:
70 кг:
- Адам Батиров (Бахрейн) 10:0 Андрей Квятковський (Украин)
- Магомедрасул Газимагомедов (ОХУ) 3:1 Зураби Иакобишвили (Гүрж)
97 кг:
- Кайл Снайдер (АНУ) 3:0 Павло Олинык (Унгар)
- Абдулрашид Садулаев (ОХУ) 10:0 Элизбар Одиказе (Гүрж)
Эмэгтэй:
55 кг:
- Залина Сидакова (Беларусь) 2:1 Йаккарра Винчестер (АНУ)
- Маюү Мүкаида (Япон) 8:1 Ци Жан (БНХАУ)
59 кг:
- Элиф Йесилирмак (Турк) 11:1 Баатаржавын Шоовдор (Монгол)
- Рисако Каваи (Япон) 10:0 Светлана Липатова (ОХУ)