Бөхийн төрлүүдийн ДАШТ-ий эмэгтэй чөлөөт бөхийн төрөлд аваргууд тодорлоо. Япончууд энэ удаагийн тэмцээнд дөрвөн алтан медаль хүртэж, багийн дүнгээр тэргүүлсэн бол тэдний араас нэг алт, дөрвөн хүрэл медаль хүртсэн БНХАУ 119, нэг алт, нэг мөнгө, хоёр хүрэл медаль хүртсэн АНУ 103 оноогоор удаалав. Дөрөвдүгээр байрт Канадын шигшээ баг 89 оноо, тавдугаарт 71 оноогоор Монголын шигшээ баг орлоо.
ЭМЭГТЭЙ: 50 КГ
Эмэгтэй хөнгөн жингийн дэлхийн аварга цолыг 18 насандаа хүртсэн Японы Юи Сусаки 19 насандаа дэлхийн хошой аварга боллоо. Васеда их сургуулийн спортын шинжлэх ухаанаар суралцаж буй Ю.Сусаки аваргын төлөө гурван олимпоос медаль хүртсэн, Азербайжаны алдарт Мария Стадникийг оноогоор цэвэр ялсан юм. Энэ жил 30 настай М.Стадник ДАШТ-ээс тав дахь медаль, үүнээс гурав дахь мөнгөн медалиа зүүлээ.
Энэ жинд хүрэл медалийг Украины Оксана Ливач, БНХАУ-ын Сүн Ян Ан хүртлээ. Манай тамирчин Э.Нарангэрэлийн хувьд эхний тойрогт хийлж, хоёрдугаар шатанд Туркийн Эвин Демираныг ялаад Украины О.Ливачид 10:3-аар дийлдсэн юм.
ЭМЭГТЭЙ: 53 КГ
Японы Харүна Окүно АНУ-ын Сара Хилдебрандттай аваргын төлөө тунаж үлдсэн. “Парис 2017”-д түрүүлж, дэлхийд анх танигдсан Х.Окүно ДАШТ-ий финалд анх удаа шалгарсан америк бүсгүйг 11:0-ээр ялж, аварга цолоо хамгаалав. Энэ жинд хүрэл медалийг Канадын Диана Вейкер, БНХАУ-ын Киа Нү Пан нар зүүсэн юм. Манай тамирчин Э.Сумъяагийн хувьд БНСУ-ын бөхийг цэвэр ялсан ч харамсалтай нь, Эквадорын Луиса Валвердед цэвэр хожигдсон.
ЭМЭГТЭЙ 57 КГ:
БНХАУ-ын Рон Нин Нин Болгарын Бильяна Дудоватай тэнцүүхэн үзэж, сүүлийн оноогоор буюу 3:3-аар яллаа. Унгарын Эмеше Барка, Энэтхэгийн Пуя Данда нар дэлхийн дэвжээнээс анхны медалиа хүртлээ. Энэтхэгийн эмэгтэй бөхчүүдээс сүүлийн зургаан жилд анхны медальтан төрсөн юм.
ЭМЭГТЭЙ: 62 КГ
Болгарын Тайбе Юсеин дөрвөн ДАШТ-ээс медаль зүүсний эцэст энэ жил дэлхийн аварга боллоо. Тэрбээр алтан медалийн төлөө Японы Юүкако Каваиг 6:2-оор ялж, хүссэндээ хүрсэн юм. Өнгөрсөн жил П.Орхонд ялагдаж, мөнгөн медаль хүртсэн Украины Юлия Ткач ДАШТ-ээс дөрөв дэх, хошой хүрэл медалийн эзэн болсон юм. АНУ-ын Молори Велт анхны хүрэл медалиа зүүлээ.