Формула 1: Льюс Хэмилтон тав дахиа түрүүллээ

1204

Их Британийн нисгэгч Льюс Хэмилтон “Формула 1”-ийн ДАШТ-д тав дахиа түрүүлэв. Тэрбээр Мексикийн гараанд дөрөвдүгээр байр эзэлж, улирал дуусахаас хоёр гарааны өмнө 358 оноо авснаар гол өрсөлдөгч Германы Себастиан Феттелээс 64 оноогоор холдож, тав дахь түрүүгээ авлаа. Ингэснээр 33 настай англи эр Аргентинийн Хуан Мануэль Фангиогийн тав түрүүлсэн амжилтыг давтсан юм. Одоо түүний урд домогт Михаэл Шумахерын долоо түрүүлсэн амжилт үлдэв.

Л.Хэмилтон энэ улирлын есөн гараанд тэргүүлсэн. Гэхдээ сүүлийн хоёр гараанд дараалан түрүүлж чадсангүй. Формула 1-ийн 19 дэх гараанд Нидерландын Макс Верстаппен түрүүлсэн юм. Энэ улирлын хоёр дахь, нийт замналынх нь тав дахь ялалт болжээ.

Сонирхуулахад, Хуан Мануэль Фангио 1950-1958 оны хооронд тав түрүүлээд 47 насандаа авто спортыг орхисон бол Л.Хэмилтон 2007 оноос хойш өдийг хүртэл 12 жилийн хугацаанд түүний амжилттай тэнцлээ.

Формула 1-ийн дараагийн гараа Бразилд болох бөгөөд ирэх сарын 11-нд, харин сүүлийн Абу Дабигийн гараа арваннэгдүгээр сарын 25-нд болох юм.