Чөлөөт бөх: Сүхээгийн Цэрэнчимэд хүрэл медалийн төлөө барилдана

2270

Румыний Бухарест хотод болж буй бөхийн төрлүүдийн u23 хүртэлх насны ДАШТ үргэлжилж байна. Өнөөдөр эмэгтэй чөлөөт бөхийн 57 кг-д Сүхээгийн Цэрэнчимэд зодоглоод хүрэл медалийн төлөө барилдах эрхтэй боллоо.

ДАШТ-ий алт, мөнгөн медальт, залуучуудын дэлхийн аварга, Азийн наадмын болон Азийн АШТ-ий хошой хүрэлтэй, “Алдар” спорт хорооны тамирчин С.Цэрэнчимэд эхний тойрогт эзэн орны бөх Дениса Юлиана Фодорыг 11:0 буюу оноогоор цэвэр ялж, дараагийн тойрогт Украины Алина Акобианыг цэвэр ялсан ч Канадын тамирчин Александра Ребекка Тоунд 3:15-аар ялагдаж, хүрэл медалийн төлөө барилдахаар боллоо. Энэ жинд Канадын бөхийн хамт Японы Акие Ханаи алтан медалийн төлөө өрсөлдөх юм.

Өнөөдөр медалийн барилдаан 00:00 цагаас эхлэх аж.




Энэ өдөр болсон бусад жингийн манай бөхчүүд бүгд дагаж барилдах болсон юм. Тодруулбал, эмэгтэйчүүдийн 53 кг-д “Женко” клубийн тамирчин Б.Болортуяа эхний даваанд Норвегийн Силже Киппернесийг 14:3-аар ялж, дараагийн даваанд Японы Момока Кадояад оноогоор цэвэр ялагдсан. Япон бүсгүй аваргын төлөө шалгарч үлдсэн тул манай тамирчин дагахаар болж, Беларусийн Катарына Пичкоускайа барилдахаар болов. Түүнийг ялвал хүрлийн төлөө Румыний Ана Андрееа Бетричитэй хүч үзнэ.


62 кг-д “Хилчин” спорт хорооны тамирчин Э.Гантуяа хоёрдугаар тойрогт Японы Юүкако Каваид оноогоор цэвэр ялагдсан юм. Японы бөх финалд шалгарсан тул Э.Гантуяа дагах эрхтэй болов. Эхлээд Беларусийн Кристина Сазыкинаг ялвал Румыний Криста Тундетэй хүрлийн төлөө барилдах аж.


Эмэгтэйчүүдийн 65 кг-д Х.Болортуяа барилдсан. Манай тамирчин эхний тойрогт хийлээд дараагийн даваанд Азербайжаны Элис Маноловад 5:1-ээр дийлдсэн. Азер бүсгүй итгэл алдалгүй аваргын төлөө гарч ирснээр Х.Болортуяа ОХУ-ын Мария Кузнецоватай барилдахаар боллоо. Түүнийг ялвал хүрлийн төлөө Шведийн Моа Лена Мария Нюргентэй таарна.


Эмэгтэйчүүдийн 72 кг-д П.Номин-Эрдэнэ Румыний Алехандра Николета Анжелд оноогоор цэвэр ялагдсан. Румын бүсгүй итгэл алдалгүй финалдсан бол П.Номин-Эрдэнэ дагах тойрогт Украины Романа Вовчактай барилдана. Түүнийг ялвал БНХАУ-ын Шаокуан Вонтой хүрлийн төлөө үзэх аж.