Шинэ дели 2018: 21 улсын боксчид медалийн болзол хангав

1937

Энэтхэгийн Шинэ Дели хотод болж буй эмэгтэй боксын 10 дахь удаагийн ДАШТ-ий шөвгийн наймын тулаан өндөрлөв. Өнөөдөр тоглолтгүй амрах бол энэ сарын 22-23-нд хагас шигшээ, 24-нд финалын тулаан явагдах юм.

Энэ удаагийн ДАШТ-д 21 улсын тамирчид ТОП 4 буюу медалийн болзол биелүүлэв. БНХАУ-ын тамирчид тав, Энэтхэгийн дөрвөн тамирчин үлдсэн бол АНУ, Турк, БНСУ-ааас тус бүр гурван тамирчин медаль хүртлээ.

Индра Гандигийн нэрэмжит спорт цогцолборт болж буй ДАШТ-д гурван улсын тамирчид анх удаа медаль хүртэв. Эмэгтэйчүүдийн 54 кг-д Монголын Мягмардуламын Нандинцэцэг, 75 кг-д Уэйлсийн Лаурен Прайс, 81 кг-д Колумбын Жессика Кайседо нар улсынхаа түүхэнд анхны эмэгтэй боксын медальтнуудаар тодорсон юм.

21 улсын боксчид медалийн болзол хангав

Аливаа тэмцээн дуулиангүйгээр өндөрлөнө гэж үгүй. Энэ удаагийн ДАШТ-ий эмэгтэйчүүдийн 60 кг-д Риогийн олимпийн хүрэл медальт, Финландын шилдэг боксчин, энэ тэмцээнд түрүүлэх магадлалтай гэгдэж байсан Мира Потконенийг ДАШТ-ий хүрэл, Азийн наадмын мөнгөн медальт Тайландын Судапорн Сийсондее 4:1-ээр ялсан юм.