Олимпийн аварга, Италийн жүдоч Фабио Базель “Рио 2016”-гаас хойш нутагтаа супер од болсон билээ. Тэрбээр зөвхөн жүдогоор хичээллээд зогсохгүй телевизийн шоуны урилгад дарагдах болсон юм. Өнгөрсөн онд “Ододтой бүжиглэе” шоунд оролцсон бол энэ удаад “Big Brother Vip” телевизийн цуврал шоуг чимсэн юм.
Тэгвэл дээрх шоунаас хасагдсан Фабио жүдогийнхоо бэлтгэлийг эрчимтэй хийхээр төлөвлөж байгаагаа Италийн сэтгүүлчдэд ярьжээ. Гэхдээ телевизийн шоугаа бүрэн орхих бодолгүй байгаагаа бас дуулгасан. Энэ үеэр түүний ярьсан зүйлээс хамгийн сонирхолтой нь хайр дурлалын тухай сэдэв байлаа. Фабио олон бүсгүйчүүдтэй нэр холбогдсон. Харин Италийн эмэгтэй жүдоч, өсвөрийн ДАШТ-ий мөнгөн медальт София Петтитотой албан ёсоор үерхэж байсан юм. Хосууд өнгөрсөн онд салснаас хойш Фабио ганц бие байх болсон билээ.
Тэгвэл Фабио ганц бие биш болсон гэдгээ Италийн хэвлэлд ярьжээ. Тэрбээр эмэгтэйчүүдийн 48 кг-д дэлхийн аварга цол хүртсэн Украины Дария Билодидтой үчиртай болсон талаар “Би түүнд анхны харцаар л дурласан. Одоо Дария Японд бэлтгэлээ хийж байгаа. Миний хувьд нэвтрүүлэг дууссан учраас энэ сарын 28-нд Украин явж, түүнтэй уулзах бодолтой байгаа” гэж ярьсан юм.
Украины төдийгүй жүдогийн шинэ нүүр царай болоод буй Д.Билодид саяхан буюу өнгөрсөн аравдугаар сарын 10-нд 18 нас хүрсэн билээ. Харин Ф.Базель өдгөө 24 настай, 1994 оны аравдугаар сарын 7-нд төрсөн юм.