“Формула 1”-ийн домогт нисгэгч Михаил Шумахерийн хүү Мик Шумахер “Формула 2”-ийн “Према” багт уралдахаар боллоо.
Өдгөө 19 настай авьяаслаг нисгэгч Мик Шумахер “Формула 3” уралдааны Европын гранприд түрүүлсэн амжилттай. Тэгвэл “Формула 2”-ийн энэ оны топ нисгэгчид болох Жорж Рассел, Ландо Норрис болон Александер Албон нар ирэх улирлаас “Формула 1” рүү дэвшсэн тул тэднийг орлох уралдаанчид хэрэг болсон юм.
Микийн эцэг Михаил Шумахер “Формула 1” уралдааны дэлхийн долоон удаагийн аварга, үүнээс “Феррари” багийнхаа хамтаар таван удаа түрүүлж байв.
Харамсалтай нь, 49 настай М.Шумахер 2013 оны арванхоёдугаар сард Францад цанаар гулгаж байхдаа осолд орж, тархиндаа хүнд гэмтэл авсан. Түүнээс хойш олон нийтэд харагдаагүй байгаа билээ.