Бокс: Фюри – Уайлдер II халз тулаан англид болох уу

914

Мэргэжлийн боксын хүнд жингийн WBC холбооны аваргын бүсийн төлөө АНУ-ын боксчин Деонтай Уайлдертай тулалдаад ялагдсан Их Британийн боксчин Тайсон Фюри “Арсенал”, “Манчестер Юнайтед” багийн тоглолтыг үзэж сонирхсон юм.

Өдгөө 30 настай боксчин эр аваргын бүсийн төлөө америк тулаанчтай нутагт нь буюу Лос Анжелес хотод тулалдаж, тэнцсэн. Тэрбээр тулааны турш илүүрхэж байсан ч есдүгээр үе болон төгсгөлийн арванхоёрдугаар үед хүнд цохилтод өртөж, тоолуулсан учир шүүгчид тэнцсэн гэж дүгнэсэн билээ.

Английн Манчестер хотод төрсөн боксчин эр “Манчестер Юнайтед” болон “Арсенал”-ын тоглолтыг Олд Траффорд цэнгэлдэхэд үзжээ. Энэ үеэр сэтгүүлчид түүнээс дараагийн тулаанаа хэзээ хийх талаар тодруулсан юм. Тэрбээр ирэх онд хоёр дахь тулаанаа хийхээр төлөвлөж байгаа бөгөөд тэр тулааныг “Олд Траффорд” цэнгэлдэхэд зохион байгуулах хүсэлтэй байгаа аж.

Сонирхуулахад, Т.Фюри шүүгчийн шийдвэрийг ойлгоогүй гэдгээ ярьж байв. “Миний амьдралдаа үзсэн хамгийн тааруу шийдвэрийг шүүгч нар гаргасан. Миний ялалтыг өрсөлдөгчид маань зүгээр бэлэглэчихсэн” гэсэн бол хариуд нь Уайлдер “Та нар Фюригийн шилдэг тоглолтыг үзсэн ч минийхийг үзээгүй. Дараагийн тулаанд өөрийнхөө шилдэг тоглолтыг гаргах болно” гэж цахим хуудсандаа бичжээ.