“Лусаил” цэнгэлдэх хүрээлэнг танилцууллаа

1071

“Катар 2022” хөлбөмбөгийн ДАШТ-ий шигшээ тэмцээн зохиогдох гол цэнгэлдэхийн загварыг танилцууллаа. Уг ДАШТ-д ашиглах цэнгэлдэхүүдээс хамгийн том буюу 80 мянган хүний суудалтай “Лусаил” цэнгэлдэх хүрээлэн юм.

Нийслэл Дохагаас 15 км зайд орших уг цэнгэлдэх хүрээлэн шинээр баригдаж буй дагуул хот болох Лусаилд сүндэрлэх юм. Уг дагуул хотыг орчин үеийн Катарыг үндэслэгч Шейх Жассим бин Мохаммед Эл Танигийн дурсгалд зориулж барьж байгаа аж. Энэ эрхэм 1913 онд Лусаил хотод амьсгал хураасан юм.

Тус цэнгэлдэхийн загварыг Английн загвар зохион бүтээгчид болох “Foster + Partners” компани хариуцаж буй.

Энэ цэнгэлдэхэд ДАШТ-ий нээлт болон хаалтын тоглолтыг зохион байгуулна. Энэ цэнгэлдэхийн талаар Катарын дээд хорооны ерөнхий нарийн бичгийн дарга Хассан Эл Тавади “2022 оны ДАШТ-ий эрхийг аваад найман жил өнгөрчээ. Бид гайхамшигтай тэмцээнийг зохион байгуулна гэж амлалт өгсөн. Шинэ цэнгэлдэх маань энэ амлалтыг биелүүлэхэд тус болно гэдэгт итгэлтэй байна. Энэ цэнгэлдэх бидний өнгөрсөн үе ба ирээдүйн бэлгэ тэмдэг байх болно” гэж ярьжээ.