Олимпийн аварга Шим Сүк Хе дасгалжуулагчийнхаа эсрэг мэдүүлэг өглөө

1055

Өвлийн олимпийн аварга, БНСУ-ын шорт трекийн тамирчин Шим Сүк Хе дасгалжуулагчаа шүүхэд өгчээ. 

Олимпийн хошой аварга (2014, 2018) 21 настай солонгос тамирчин Шим Сүк Хе өөрийн дасгалжуулагч Чой Жа Бомыг шүүхэд өгчээ. Тэрбээр долоон настайгаасаа хойш дасгалжуулагчдаа зодуулж, биеийн хүчирхийлэл амссан гэж шүүхэд мэдүүлсэн юм. Харгис дасгалжуулагч хоккейн цохиураар шавиа зодож, хурууг нь хугалсан удаа бий гэнэ. 

Зодуулсныхаа дараа хүнд гэмтэл авсан ч эмчийн тусламж үзүүлэлгүй бэлтгэлийн танхимд орхиж явдаг байсан талаар олимпийн аварга бүсгүй мэдүүлжээ. “Пёнчан”-ы олимп болохоос хэдхэн хоногийн өмнө багш нь уурандаа бас гар хүрч, үүнээс хойш Шим хуулийн байгууллагад хандах талаар бодож эхэлсэн аж.

Хохирогчийн мэдүүлгээр цагдаагийнхан дасгалжуулагч Чойгоос мэдүүлэг авч, цагдан хорьсон билээ. Чой Шим болон бусад гурван тамирчинд бэлтгэлийн баазад байхдаа гар хүрсэн гэдгээ хүлээн зөвшөөрсөн ч тэднийг бэлтгэлээ эрчимтэй хийлгэх үүднээс ширүүн ханддаг гэж тайлбарласан юм. Шүүхээс түүнд энэ харгис үйлдлийнх нь төлөө 10 сар баривчлах ял оноосон ч давж заалдахаа мэдэгдсэн.

БНСУ-д дасгалжуулагч нарын харгис явдал зөвхөн үүгээр дуусахгүй. Пёнчаны олимпод оролцсон кёрлингийн багийн охид бас дасгалжуулагчийнхаа харгис явдлын талаар гомдол мэдүүлж, цагдаагийн байгууллагад хандсан билээ. Дасгалжуулагч нь тэднийг өөр тамирчидтай ярилцахыг хатуу хориглож, хандив болон шагналын мөнгийг хуваадаггүй, хөгжөөн дэмжигчдээс ирсэн бэлэг болон захидалыг нууцалдаг талаар цагдаа нарт ярьсан юм.