Өчигдөр буюу арванхоёрдугаар сарын 21-нд МҮОХ-ны зохион байгуулдаг оны шилдэг тамирчинг тодруулах ёслол боллоо. 2002 оноос хойш өнөөг хүртэл “Бөртэ чоно”-ыг тодруулж ирсэн юм.
Уламжлал ёсоор оны шилдэг эрэгтэй болон эмэгтэй тамирчин, спорт тоглоомны багийг спортын сэтгүүлчдийн саналаар тодруулсан.
Харин бусад шагналыг МҮОХ-ноос томилогдсон ажлын хэсэг шалгаруулсан аж.
Энэ жилээс анх удаа спортын шилдэг сэтгүүлч тодруулж, “ETV” телевизийн спортын сэтгүүлч, тайлбарлагч С.Шижирбат шалгарлаа.
Спортын оны шилдгүүдээс онцлох нь аав охин хоёрын амжилт байлаа. Азийн наадмын алт, хүрэл медаль хүртсэн буудлагын олон улсын хэмжээний мастер Г.Нандинзаяа оны шилдэг эмэгтэй тамирчнаар тодорсон бол түүний аав Ж.Ганхуяг оны шилдэг дасгалжуулагчаар нэрлэгдсэн.
Оны шилдэг эрэгтэй, эмэгтэй тамирчдыг спортын сэтгүүлчдийн саналаар тодруулсан юм. Эмэгтэй шилдгээр Азийн наадмын алт, хүрэл медаль хүртсэн Г.Нандинзаяагийн хамт ДАШТ-ээс мөнгөн медаль хүртэж, олимпийн төрлийн дэлхийн аваргаас дөрвөн медаль хүртсэн анхны тамирчин болсон О.Насанбурмаа, боксын эмэгтэйчүүдийн ДАШТ-ээс анхны хүрэл медаль хүртсэн М.Нандинцэцэг нар “Бөртэ чоно 2018”-ын эзэн боллоо.
Харин оны шилдэг эрэгтэй тамирчнаар Азийн наадмаас алтан медаль хүртсэн боксчин Э.Цэндбаатар, жүдо бөхийн ДАШТ-ээс хүрэл, Азийн наадмаас мөнгөн медаль хүртсэн Ө.Дүүрэнбаяр, шилдгийн шилдэг тамирчнаар жүдо бөхийн ДАШТ-ээс хүрэл, Азийн наадмаас хүрэл, “Мастерс” тэмцээнээс мөнгөн медаль хүртсэн Л.Отгонбаатар тодорлоо.
Сэтгүүлчдийн саналаар хамгийн олон оноо авсан тамирчинд шилжин явах цомыг өгдөг уламжлалтай. Өнгөрсөн жил жүдоч Д.Сумъяа гардаж авч байсан бол энэ жил 119 оноогоор тэргүүлсэн боксчин М.Нандинцэцэгт уг цом шилжлээ.
Олимпийн зөвлөл: Баянзүрх дүүрэг “Нагано” олимпийн зөвлөл
Арга зүйч: Ж.Даваасүрэн – ХХЕГ-ын харьяа “Хилчин” олимпийн зөвлөлийн арга зүйч
Сэтгүүлч: С.Шижирбат “ETV” телевизийн спортын сэтгүүлч
Клуб: Хөлбөмбөгийн “Эрчим” клуб
Шүүгч: Т.Энхцэцэг (жүдо)
Менежменттэй холбоо: Уулчдын холбоо, Пауэрлифтингийн холбоо
Бүтээн байгуулалттай холбоо: Байт харвааны холбоо
Хөрөнгө оруулалттай холбоо: Хөнгөн атлетикийн холбоо
Олимпийн бус холбоо: Шатар болон самбо бөхийн холбоо
Олимпийн төрөл: Гимнастик болон жүдо бөхийн холбоо
Ерөнхийлөгч: Байт харвааны холбооны ерөнхийлөгч П.Цагаан
Ерөнхий нарийн бичгийн дарга: Ц.Батнасан (бокс)
Залуу тамирчин: Л.Сосорбарам (жүдо бөх)
Дасгалжуулагч: Ж.Ганхуяг (буудлага), С.Эрдэнэ-Очир (хөлбөмбөг), А.Мэргэн (шайбтай хоккей)
Шилдгийн шилдэг дасгалжуулагч: Ц.Баярсайхан (чөлөөт бөх)
БАГ:
- Шайбтай хоккейн шигшээ баг “Challenge cup” тэмцээнд түрүүлсэн амжилтаараа олонхийн санал авч шилдэг багаар тодорлоо.
ЭРЭГТЭЙ ТАМИРЧИН:
- Ө.Дүүрэнбаяр (Жүдо, ДАШТ-ий хүрэл медаль, Азийн наадмын мөнгөн медаль)
- Э.Цэндбаатар (Бокс, Азийн наадмын аварга)
ЭМЭГТЭЙ ТАМИРЧИН:
- Г.Нандинзаяа (Буудлага, Азийн наадмын алт, хүрэл медаль) – 44 оноо
- О.Насанбурмаа (Чөлөөт бөх, ДАШТ-ий мөнгөн медаль) – 87 оноо
ШИЛДГИЙН ШИЛДЭГ
- Л.Отгонбаатар (Жүдо, ДАШТ-ий хүрэл медаль, Азийн наадмын мөнгө, “Мастерс”-ий мөнгө) -114 оноо
- М.Нандинцэцэг – (Бокс, ДАШТ-ий хүрэл медаль) – 119 онооогоор тус тус шилдгийн шилдэг боллоо.
Гэрэл зургийг: Д.Бямбажаргал