УИХ-ын гишүүн, Монгол үндэсний бөхийн дархан аварга Б.Бат-Эрдэнэ, дархан аварга Х.Баянмөнх нар өнөөдөр сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.
Монгол бөхчүүд хоёр талцаж, үр дүнд нь бөхийн өргөөний үйл ажиллагаа зогсоод гурван сарын нүүр үзэж буй энэ цаг үед маргаантай байгаа хоёр холбоог төлөөлж, дархан аварга Б.Бат-Эрдэнэ, Х.Баянмөнх нар сэтгүүлчдэд мэдээлэл хийсэн юм. Тэдний ярьснаар бол шүүхийн шийдвэр гарах хүртэл маргаантай байгаа удирдлагын асуудал шийдэгдэхгүй, харин шүүх шийдвэрээ гаргах хүртэл түр хороог байгуулж, бөхийн өргөөний үйл ажиллагааг хэвийн явуулах хүсэлтэй байгаа гэнэ. Тиймээс хоёр тал түр зөвшилцөлд хүрч, ойрын хугацаанд бөхийн өргөөг нээх асуудлаар гарын үсэг зурж, бичиг хүргүүлэхээр тохиролцсон байна.
Энэ талаар Б.Бат-Эрдэнэ аварга “Бидний хооронд 20 насны зөрүү бий. Ах дүү шиг, багш шавь шиг харилцаатай учир хоорондоо маргалдсан зүйл үгүй. Хэрвээ Баянаа аваргын сэтгэлд хүрээгүй үйлдэл гаргасан бол энэ хэвлэлийн бага хурлаар дамжуулан уучлалт хүсч байна” гэж ярьсан бол Х.Баянмөнх аварга “Бөхийн холбооны маргаан 16 жил үргэлжилж байна. Монгол бөхийн дээд цолд хүрсэн ахмад бөхчүүдийн хувьд бөхийн өргөө болон холбооны үйл ажиллагааг хэвийн явуулахыг хүсч, зорилгоо болгосон. Энэ бол хүссэн ч хүсээгүй ч бидэнд ирсэн үүрэг юм. Тэрнээс биш хоорондоо маргалдсан зүйл байхгүй. Шүүхийн шийдвэр яаж гарна, түүнийг хоёр холбооны хүмүүс дагана” гэсэн юм.
Ямартай ч бөхийн холбооны маргаан шүүхээр шийдэгдэнэ. Шүүх нэгэнт шийдвэрээ гаргах хүртэл бөхийн өргөө болон холбооны үйл ажиллагааг түр хороо зохицуулахаар болсон аж.