Тулгар төрийн 2227 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 812 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 107 жил, Ардын хувьсгалын 97 жилийн ой, Ардчилсан хувьсгалын 29 жилийн ойд зориулсан үндэсний бөхийн барилдаан Буянт-Ухаа спортын ордонд боллоо.
Барилдаанд улсын аварга Н.Батсуурь, С.Мөнхбат, улсын арслан П.Бүрэнтөгс, Р.Пүрэвдагва, улсын гарьд Б.Гончигдамба, Ж.Бат-Эрдэнэ, улсын заан Б.Батмөнх тэргүүтэй улсын аварга 2, улсын арслан 2, улсын гарьд 2, улсын заан 1, улсын харцага 9, улсын начин цолтой 27 бөх хүч үзлээ.
Нийт 128 бөх барилдсан тус барилдаанд их шөвгийн дөрөвт улсын аварга Н.Батсуурь гурав дахиа үлдсэн бол улсын арслан П.Бүрэнтөгс, улсын харцага О.Хангай, улсын начин Д.Анар нар анх удаа их шөвөгт үлдсэн юм. Н.Батсуурь аварга адилхан жүдо бөхөөр хичээллэдэг начин Д.Анарыг барьц сонгооны барьцнаас давсан бол О.Хангай залуу арслан П.Бүрэнтөгсийг өхийлдөж давснаар үзүүр түрүүнд шалгарсан.
Н.Батсуурь аварга 2015, 2017 онд шөвгөрсөн ч үзүүр, түрүүнд үлдэж байгаагүй. О.Хангай сүүлийн хоёр жил тус барилдаанд зодоглоогүй. Тэрбээр 2015 онд аймгийн арслан цолтой байхдаа дөрвийн даваанд П.Бүрэнтөгсийг давсан ч тавын даваанд тухайн үед арслан цолтой байсан Н.Батсуурьт унаж байв. Харин 2014 онд хоёр даваад улсын заан М.Өсөхбаярт унасан билээ.
Тэгвэл энэ удаагийн барилдаанд О.Хангай аварга Н.Батсуурийг давснаар Ерөнхийлөгчийн цомыг анх удаа хүртлээ. Сонирхуулахад, Ховд нутгаас өмнө нь улсын заан Б.Пүрэвсайхан 2013, 2015 онд түрүүлсэн юм. О.Хангай харцага цолтойдоо тус барилдаанд тэргүүлсэн гурав дахь бөх болжээ.