IJF буюу Олон улсын жүдо бөхийн албан ёсны сайт дээр энэ онд жүдогийн ертөнцөд болох таван онцлох үйл явдлын жагсаалтыг гаргажээ.
1. Шинэ тэмцээн
IJF-ийн цуврал тэмцээн гурван долоо хоногийн дараа эхэлнэ. Энэ сарын 24-26-нд Израиль улсын Тел Авив хотод анх удаа зохиогдох Гран При тэмцээнээр шинэ улирал нээлтээ хийх юм.
Энэ удаагийн тэмцээнд 51 орны 400 гаруй жүдоч өрсөлдөхөөр нэрээ өгсөн. Урьдчилсан мэдүүлэгт Монголын баг тамирчдын нэрс хараахан ороогүй байгааг онцлоё. “Шломо Арена”-д ордонд гурван өдрийн турш үргэлжлэх тэмцээний бүх тасалбар хэдийнэ зарагдаж дууссан гэнэ.
Урьдчилсан мэдүүлэгт нэрээ өгсөн тамирчдаас хамгийн алдартай нь Риогийн олимпийн мөнгөтэй, өнгөрсөн жилийн Мастерс тэмцээний аварга Азербайжаны Рустам Оружов. Түүнчлэн Европын аварга, Францын Роман Дико өнгөрсөн гуравдугаар сараас хойш татамидаа эргэн ирэхээр нэрээ өгсөн байна.
Мастерс тэмцээний мөнгөн медальт Унгарын Кристиан Тот болон Мастерс тэмцээний гурван алттай Нидерландын Ким Поллинг нар оролцохоор нэрээ өгсөн аж.
Түүнчлэн Мароккын Марракеш ирэх гуравдугаар сарын 8-10-нд Гран При тэмцээн анх удаа болно. Мөн энэ оноос Канадын Монреальд долдугаар сарын 5-7-нд Гран При зохиогдох юм.
2. Залуу одод
Украины залуу од Дария Билодидыг хүн бүр мэднэ. Түүнээс ч дутахгүй алдартай Японы 18 настай залуу дэлхийн аварга Юта Абэг гадарлана. Осакагийн Их Дуулга тэмцээний аварга, Японы Жоширо Марүямаг шинэ оддын тоонд оруулж болно. 1984 оны олимпийн аварга Хосокава Шинжигийн удирдлага дор Тенри Их Сургуульд олимпийн аварга Шохэй Оногийн хамт бэлтгэл хийдэг 25 настай залуу дэлхийн хошой аварга Хифүми Абэгийн олимпийн аварга болох мөрөөдөлд нь саад хийж мэдэх юм. Осакагийн Их Дуулгад Х.Абэг хэвтүүлсэн Жоширо Мастерс тэмцээнд саадгүй түрүүлсэн билээ.
3. Мөрөөдлийн тулаан
52 кг: Малинда Келменди (Косово) – Юта Абэ (Япон)
М.Келменди аварга өнгөрсөн онд хагалгаа хийлгэсэн тул гам барьж, тун цөөн тэмцээнд оролцсон. Оны төгсгөлд гурван тэмцээнд хүч сорьсон ч Японы залуу од Юта Абэтэй таарах боломж гараагүй юм. Тэднийг Парис эсвэл Дюсселдорфийн Их Дуулга тэмцээнд учраа таарна гэж таамаглаж буй.
48 кг: Дария Билодид (Украин) – Ами Кондо (Япон)
Украины бахархал болоод буй Д.Билодид олимпийн хүрэлтэй, дэлхийн хошой аварга Японы Ами Кондотой өмнө нь таарч байгаагүй. Япончуудаас энэ онд Фүна Тонаки залуу одтой гурван удаа таараад бүгдэд нь ялагдсан юм. Д.Билодид замналынхаа турш Японы таван жүдочтой барилдаж, бүгдийг нь ялсан. Харин энэ онд 48 кг-д Японыг төлөөлж Ами Кондо ихэнх цуврал тэмцээнд хүч сорино.
73 кг: Соичи Хашимото (Япон) – Шохэй Оно (Япон)
Олимпийн аварга, дэлхийн хошой алттай Шохэй Оно, дэлхийн аваргын алт, мөнгөтэй Соичи Хашимото нар IJF-ийн цувралд таарч байгаагүй. Тэд нэг бус удаа хоорондоо таарах магадлалтай байсан ч С.Хашимото эрт бүдэрсэн юм. Тэд нутагтаа болох жүдогийн ДАШТ-д хамтдаа өрсөлдөж мэднэ.
+78 кг: Сарах Асахина (Япон) – Роман Дико (Франц)
Одоо 22 настай дэлхийн аварга Сарах Асахина, 19 настай Европын аварга Роман Дико нар “Токио 2020” олимпийн эмэгтэйчүүдийн хүнд жингийн өнгийг тодорхойлох болов уу. Тэд хоорондоо учраа таарч амжаагүй яваа.
4. Токиогийн ДАШТ
Жил бүр дэлхийн аваргын тэмцээн болдог ч олимпийн өмнөх жилийн ДАШТ онцгойрдог. Токиогийн олимпийн өмнөх дэлхийн тэмцээн мөн л Токиод болно. 1964 оны Токиогийн олимпод жүдогийн тэмцээнийг хүлээн авсан түүхт Ниппон Будокан ордонд найман өдрийн турш үргэлжлэх ДАШТ наймдугаар сарын 25-31-нд болох юм.
5. Шинэлэг санаа
“Токио 2020” олимп дөхсөн учир энэ жилийн IJF-ийн цувралд олон шинэлэг ажил хийхээр холбооноос төлөвлөжээ. Тэмцээний үеэр зарим алдартай тамирчидтай цахим хуудсаар дамжуулан ярилцлага хийх, холбооны удирдах албан тушаалтантай тэмцээний өмнө сошиалаар ярилцлага хийх зэрэг олон ажил хийхээр төлөвлөсөн гэнэ.