“Формула 1”-ийн домогт нисгэгч Михаэль Шумахер 50 нас хүрлээ. Тэр бас олны өмнө ил гаралгүй таван жил өнгөрөв.
Авто спортын түүхэнд хурц гялалзаж, хэний ч тогтоож яваагүй дээд амжилтын эзэн болсон агуу Шумахер өнөөдөр 50 нас хүрлээ. Алдарт нисгэгчийн амьдралын сүүлийн үед таагүй байгаа. Гэр бүлийнхээ амьдралыг олон нийтээс үргэлж нууцалдаг байсан алдарт тамирчин сүүлийн үед хөл дээрээ боссон эсэх нь ч тодорхойгүй, таван жилийг үдэв. 2013 онд хүү Мик Шумахерийн хамт уулын цанаар гулгаж байхдаа осолд орж, тархиндаа хүнд гэмтэл авсан цагаас хойш түүнийг хэн ч хараагүй. Өдийг хүртэл долоо хоногт 50 мянган ам.долларын үнэтэй эмчилгээ хийлгэж байгаа гэхээс өөр тоймтой мэдээлэл ар гэрийнхэн нь өгөөгүй юм.
“Формула 1”-д долоон удаа түрүүлж, нийт 91 гараанд манлайлсан гэдгээрээ түүхэнд мөнхөрсөн немц эр замналынхаа оргил үед ч хэвлэлийнхэнтэй ойр байгаагүй.
Тиймээс ч гэр бүлийнхэн нь түүний тухай мэдээллийг олон нийтэд дэлгэхээс татгалздаг. Өдөр бүр асар өндөр өртөгтэй эмчилгээ хийлгэж байгаа тул гэр бүл нь санхүүгийн хямралд өртсөн. Түүний хувийн эд хөрөнгөөс зарж борлуулах замаар эмчилгээг нь төлж байв. Харин 50 насных нь төрсөн өдрөөр гар утасны апплэкшн танилцуулж, түүний эд хөрөнгө, авсан цом медалиар нь гэр музей байгуулж буйгаа зарлав. Энэхүү гэр музейнээс олсон орлогоо эмчилгээнд нь зарцуулна гэдгээ мэдэгдсэн юм.
Шумахерийн замнал тоон хэлээр
- 7 – “Формула 1”-ийн ДАШТ-д нийлбэр дүнгээр тэргүүлсэн тоо. 1994-95 онд “Бенеттон”, 2000-04 онд “Феррари”-д.
- 91 – Нийт 306 гарааны 91-д нь түрүүлсэн. Льюс Хэмилтон 18 түрүүгээр дутуу буй.
- 68 – Байрлал тогтоох уралдаанд түрүүлсэн тоо. 2017 онд Л.Хэмилтон энэ рекордыг нь эвдсэн билээ.
- 15 – 1992-2006 оны хооронд 15 жилийн турш Гран При уралдаанд байр эзэлжээ. Мөн л дээд амжилт. Л.Хэмилтонд дахиад гурван жил дутуу байгаа аж.
- 8 – Францын Гран Прид түрүүлсэн амжилтыг нь өөр ямар ч нисгэгч давтаж чадаагүй. Канад болон Сан Маринод долоон удаа түрүүлсэн үзүүлэлтээр мөн тэргүүлдэг.
- 17 – 2002 оны ДАШТ-ий 17 гараанд бүгдэд нь шагналт байр эзэлж байлаа.
- 43 – 2012 онд Бразилын Гран Прид уралдахдаа 43 настай байв. Тэрбээр 2006 онд авто спортоо орхисон ч гурван жилийн дараа их спортод эргэн ирсэн билээ.