Хөлбөмбөгчдийн үнэлгээг тогтоодог KPMG байгууллагын саяхан гаргасан судалгаагаар дэлхийн хамгийн үнэ цэнэтэй хөлбөмбөгчнөөр Нэймар тодорчээ.
Хөлбөмбөгийн ертөнцөд тэр тусмаа санхүүгийн чиглэлээр мэргэшсэн байгууллага болох KPMG-гийн мэргэжилтнүүдийн үзэж буйгаар дэлхийн хамгийн үнэ цэнэтэй хөлбөмбөгчин бол Нэймар гэнэ. Бразилын шигшээ болон Парисын багт зүтгэдэг 26 настай довтлогч эрийн үнэлгээ 229.1 сая евро. Харин түүний ард нэг багийн хамтрагч, франц жаал Килиан Мбаппе 215 сая еврогийн үнэ хүрсэн гэнэ. Гуравдугаарт 203.3 сая еврод хүрсэн аргентин довтлогч Лионель Месси бичигджээ.
Уг жагсаалтын эхний гуравт дээрх тоглогчид багтсан бол дараагийн долоон тоглогчийн тав нь Англид тоглодог. Тодруулбал, “Ливерпуль” болон Египетийн шигшээгийн довтлогч Мохамед Салах 168.3 сая еврогоор жагсаалтын дөрөвдүгээрт бичигдсэн. Түүний араас Английн шигшээ болон “Тоттенхэм”-ийн довтлогч Харри Кэйний үнэлгээ 151.1 сая евро.
Хачирхалтай нь, уг жагсаалтын эхний 10-т Криштиану Роналду багтаагүй. Тэрбээр 107.3 сая еврогийн үнэ хүрч, уг жагсаалтын 12-т жагслаа. К.Роналду ирэх хоёрдугаар сард 34 нас хүрэх бөгөөд энэ шалтгаанаар эхний 10-т багтаагүй гэхэд болно.
Европын клубт тоглож буй хамгийн үнэ цэнэтэй хөлбөмбөгчид
Нэр | Нас | Улс | Үнэ |
1. Нэймар | 26 | Бразил | 229.1 сая евро |
2. К.Мбаппе | 20 | Франц | 215 сая |
3. Л.Месси | 32 | Аргентин | 203.3 сая |
4. М.Салах | 27 | Египет | 168.3 сая |
5. Х.Кэйн | 25 | Англи | 151.1 сая |
6. Э.Азер | 28 | Бельги | 148.2 сая |
7. К.Де Брюне | 28 | Бельги | 129.4 сая |
8. А.Гриззман | 28 | Франц | 125.6 сая |
9. П.Погба | 26 | Франц | 119.3 сая |
10. Ф.Коутино | 27 | Бразил | 118.2 сая |
KPMG тоглогчдын үнэлгээг яаж гаргасан бэ?
- Тоглогчийн байрлал (хаалгач, хамгаалагч, хагас хамгаалагч, довтлогч гэх мэт)
- Нас болон улс, үндэстэн
- Гэрээ: Тоглогчдын клубтэй байгуулсан гэрээний нөхцөл, түүний үнэлгээ
- Талбай дээрх тухайн тоглогчийн ур чадвар (гоол, оновчтой дамжуулалт, тоглосон минут гэх мэт)
- Сахилга бат (талбайд гаргаж буй алдаа, улаан болон шар карт гэх мэт)
- Шигшээ багийн тоглолт (олон улсын тэмцээнд хийсэн тоглолт, оруулсан гоол гэх мэт)
- Хэвлэл мэдээлэлтэй харилцах чадвар
- Клубийн амжилт, клубийн эдийн засаг, санхүүгийн хувьд тогтвортой байдал
- Багийн тоглолт гаргадаг эсэх
- Тоглогчийн зах зээл дэх бодит үнэ