Жүдо: Залуучууд одтой барилдсан эхний өдрийн дүн

1297

Жүдо бөхийн эрэгтэйчүүдийн 42, эмэгтэйчүүдийн 27, багийн долоо дахь удаагийн УАШТ өчигдөр хөшгөө нээлээ.

Энэ удаагийн тэмцээн Сэлэнгэ аймагт болж буй гэдгээрээ онцлог. Насанд хүрэгчдийн УАШТ-ий эхний өдөр эрэгтэйчүүдийн 60, 66, 73, эмэгтэйчүүдийн 48, 52, 57, 63 кг жингийн аваргууд тодорсон юм.

Эрэгтэйчүүдийн 60 кг (40)

60 кг жингийн медальтнууд
  • Алт: Энхтайваны Ариунболд (Алдар)
  • Мөнгө: Батгэрэлийн Мягмардорж (Хилчин)
  • Хүрэл: Чимэддоржийн Марал-Эрдэнэ (Хангарьд)
  • Хүрэл: Лхагважамцын Өнөболд (Эрч)

Өдгөө 23 настай Э.Ариунболд насанд хүрэгчдийн УАШТ-д анх удаа түрүүлэв. Хилчингийн залуу мастер Б.Мягмардорж 2017 онд үзүүлсэн амжилтаа давтаж, улсын аваргаас хошой мөнгөтэй боллоо. Залуучуудын ДАШТ-ий хүрэлтэй Л.Өнөболд хоёр жил дараалан насанд хүрэгчдийн тэмцээнээс хүрэл медаль хүртсэн бол Ч.Марал-Эрдэнэ анх удаа медалийн тавцанд зогслоо.


Эрэгтэйчүүдийн 66 кг (32)

66 кг жингийн медальтнууд
  • Алт: Нэргүйн Мөнхбаяр (Женко)
  • Мөнгө: Ганболдын Хэрлэн (Сүлд)
  • Хүрэл: Даваадоржийн Төмөрхүлэг (Хилчин)
  • Хүрэл: Ёндонпэрэнлэйн Басхүү (Хилчин)

Энэ жинд Монголын төдийгүй дэлхийн мастерууд олуулаа барилдсан ч 22 настай Н.Мөнхбаяр хэмээх залууг барсангүй. 2015 онд 60 кг-д улсдаа тэргүүлсэн Г.Хэрлэн сүүлийн хоёр жил дараалан 66 кг-д түрүүлж, гурав дахиа аваргын төлөө шалгарсан ч мөнгөн медаль хүртлээ. Д.Төмөрхүлэг дөрөв дэхээ түрүүлэх хүсэлтэй ирсэн ч хүрэл медальтай хоцорсон бол Ё.Басхүү насанд хүрэгчдийн УАШТ-ээс анхны медалиа зүүлээ.


Эрэгтэйчүүдийн 73 кг (31)

73 кг жингийн медальтнууд

Алт: Цэнд-Очирын Цогтбаатар (Сүлд)

Мөнгө: Булганы Батболд (Хангарьд)

Хүрэл: Ганбаатарын Одбаяр (Женко)

Хүрэл: Санжмятавын Баяртүвшин (Эрч)

Ц.Цогтбаатар сүүлийн хоёр жил дараалан 73-т түрүүлж, нийт гурав дахь алтан медалиа хүртлээ. Түүнтэй алтан медалийн төлөө хоёр жилийн өмнө залуучуудын Азийн АШТ-ээс мөнгөн медаль хүртсэн, өдгөө 21 настай Б.Батболд хүч үзлээ. 2017 онд улсын аваргаас мөнгөн медаль хүртсэн С.Баяртүвшин, улсын аваргад гурав түрүүлсэн амжилттай Г.Одбаяр нар медалийн тавцанд гарлаа.


Эмэгтэйчүүдийн 48 кг (11)

48 кг жингийн аваргууд
  • Алт: Ганбаатарын Наранцэцэг (Алдар)
  • Мөнгө: Баасансүрэнгийн Ойдовчимэд (Женко)
  • Хүрэл: Энх-Амгалангийн Уртнасан (Хилчин)
  • Хүрэл: Ганболдын Бүрнээбаяр (Боржин)

Өнгөрсөн жил улсын аваргаас хүрэл медаль хүртсэн Г.Наранцэцэг энэ удаад алтан медалийн эзэн боллоо. Энэ жил дөнгөж 19 настай, өсвөрийн ДАШТ-ий мөнгөтэй Б.Ойдовчимэд насанд хүрэгчдийн тэмцээнд анхныхаа медалийг хүртэв. Э.Уртнасан сүүлийн дөрвөн жил дараалан медалийн тавцанд зогссон бол (нэг мөнгө, гурван хүрэл) 17 настай Г.Бүрнээбаяр анх удаа медальд хүрлээ. Энэ жинд тэргүүлдэг М.Уранцэцэг гавьяат зодоглоогүй юм.


Эмэгтэйчүүдийн 52 кг (14)

52 кг жингийн медальтнууд
  • Алт: Лхагвасүрэнгийн Сосорбарам (Баянхонгор)
  • Мөнгө: Цэрэнтогтохын Гал-Од (Дархан)
  • Хүрэл: Эрдэнэцогтын Гэрэлмаа (Хилчин)
  • Хүрэл: Отгоны Энхжин (Хүч)

Залуучуудын олимпийн аварга Л.Сосорбарам 17 насандаа насанд хүрэгчдийн улсын аварга боллоо. Ирэх гуравдугаар сард 18 нас хүрэх түүний хувьд улсын аваргын хоёр дахь медаль аж. Өмнө нь 2017 онд хүрэл медаль хүртэж байв. Ц.Гал-Од, О.Энхжин нар анхны медалиа хүртсэн юм. Харин Э.Гэрэлмаагийн гурав дахь медаль байлаа. Тэрбээр 2015 онд улсын аварга болоод сүүлийн хоёр жил дараалан хүрэл медаль хүртлээ.


Эмэгтэйчүүдийн 57 кг (12)

Эмэгтэйчүүдийн 57 кг жингийн медальтнууд
  • Алт: Лхагватогоогийн Энхрийлэн (Сүлд)
  • Мөнгө: Баттамирын Хорлоо (Женко)
  • Хүрэл: Чинтогтохын Аззаяа (Хилчин)
  • Хүрэл: Батсүхийн Алтанцэцэг (Женко)

Л.Энхрийлэн насанд хүрэгчдийн УАШТ-д анх удаа түрүүлж, гурав дахь медалиа хүртлээ. Тэрбээр 2016 онд хүрэл, 2018 онд мөнгөн медаль хүртэж байв. Б.Хорлоо анх удаа мөнгөн медальд хүрч, Ч.Аззаяа, Б.Алтанцэцэг нар хошой хүрэлтэй болов.


Эмэгтэйчүүдийн 63 кг (17)

Эмэгтэйчүүдийн 63 кг жингийн медальтнууд
  • Алт: Болдын Ганхайч (Алдар)
  • Мөнгө: Балдоржийн Мөнгөнчимэг (Женко)
  • Хүрэл: Цог-Очирын Сүнжидмаа (Женко)
  • Хүрэл: Цогтгэрэлийн Номин

Б.Ганхайч насанд хүрэгчдийн УАШТ-д сүүлийн дөрвөн жил дараалан түрүүллээ. ДАШТ-ий хүрэл медальт Б.Мөнгөнчимэг гурван мөнгө, нэг хүрэлтэй болов. Ц.Сүнжидмаа хошой хүрэлтэй, Ц.Номин анхны медалиа хүртсэн юм.