Талбайн теннис: Энди Маррей Австралийн нээлттэй тэмцээний дараа их спортоо орхиж магадгүй (видео)

1313

Олимпийн хошой аварга Их Британийн теннисчин Энди Маррей өнөөдөр хэвлэлд ярилцлага өгчээ. Энэ үеэр тэрбээр тун удахгүй болох Австралийн нээлттэй тэмцээний дараа их спортоо орхихоор төлөвлөсөн гэдгээ мэдэгдэв.

Австралийн нээлттэй тэмцээн 2019

Болох өдөр: Нэгдүгээр сарын 14-27-нд

Их Дуулгын гурван удаагийн аварга, Их Британийн теннисчин Энди Маррей Австралийн нээлттэй тэмцээний дараа их спортоо орхиж магадгүй талаар сэтгүүлчдэд ярилаа. Энэ жил 31 настай шотланд эр “Уимбилдон” тэмцээний дараа тамирчны замналаа өндөрлүүлэх хүсэлтэй байсан ч ташааны гэмтлийн улмаас дахин таван сар тоглох эсэх нь эргэлзээтэй байгаа гэнэ.

Дэлхийн чансааг тэргүүлж байсан Э.Маррей өнгөрсөн оны нэгдүгээр сард ташаандаа хагалгаа хийлгэсэн юм. Улмаар өнгөрсөн зургадугаар сараас талбайн теннистээ эргэн ирсэн ч ердөө 14 тоглолт хийсэн. “Олон жил энэ бэртэлтэй тэмцлээ. “Уимбилдон”-ы дараа их спортоо орхих төлөвлөгөө гаргасан ч бүтэхгүй бололтой. Өнгөрсөн зургаан сартай харьцуулахад өнөөдөр давгүй байгаа ч их спорт гэдэг амаргүй. Тиймээс дахин бодох цаг болсон” гэж шотланд эр хэвлэлийн бага хурал дээр нулимс дуслуулан ярьсан юм.

Э.Маррей Их Дуулгын гурван түрүү хүртсэн. Тодруулбал, “Уимбилдон”-д хоёр удаа (2013, 2016), Америкийн нээлттэй тэмцээнд нэг удаа (2012) онд түрүүлж байв.

Түүнчлэн Лондон, Риогийн олимпод эрэгтэйчүүдийн ганцаарчилсан төрөлд аваргалж, ATP-гийн шилдэг наймын тэмцээнд нэг удаа түрүүлсэн. Тэрбээр 37 долоо хоногийн турш дэлхийн чансааг тэргүүлж байлаа. Олимпийн хошой аварга болсон цор ганц теннисчин билээ.

Э.Маррей замналынхаа турш багаар бодоход 165 сая ам.долларын ашиг олсон. Түүний тэмцээний шагналын мөнгө 61 сая “ногоон”-д хүрсэн бол 100 гаруй саяыг зар сурталчилгаанаас олсон аж. Энэ нь бүх цаг үед дөрөвдүгээрт бичигдэх үзүүлэлт. Түүний өмнө Рожер Федерер, Новак Жокович, Рафаэль Надаль нар хамгийн их орлого олсон теннисчдийн жагсаалтыг тэргүүлнэ.