Испанийн цагдаагийн газраас тоглолт зориуд тохиролцсон байж болзошгүй гэх хэргээр 28 теннисчинг саатууллаа. Өнгөрсөн оны Америкийн нээлттэй тэмцээнд оролцож байсан нэг тамирчин багтсан аж.
Европын холбооны хууль сахиулах байгууллага буюу Европол Арменийн гэмт бүлэглэлийн хэргийг мөрдөж яваад талбайн теннисчдийн тоглолт тохиролцсон байж болзошгүй, хууль бус бооцооны асуудлыг илрүүлжээ. Энэ хэрэгт холбоотой байж болзошгүй хэмээн 83 хүнийг сэжигтнээр баривчилсан. Үүнээс 28 нь мэргэжлийн теннисчин байсан аж.
Саатуулагдсан хүмүүсийн нэрийг нууцалсан ч эх сурвалжийн мэдээлж буйгаар 28 тамирчны дотор өнгөрсөн оны есдүгээр сард Америкийн нээлттэй тэмцээнд оролцсон нэг тамирчин бий гэж онцоллоо.
Хууль сахиулагчид 11 байранд нэгжлэг хийгээд 193 мянган ам.доллар бүхий бэлэн мөнгө, зэвсэг, тансаг зэрэглэлийн таван автомашин болон бусад эд мөрийн баримтыг хураан авчээ. Европолын үзэж буйгаар мафийн бүлэглэлтэй холбоотой тохиролцсон тоглолт багаар бодоход 97-д хүрсэн бололтой.