Лондоны олимпийн аварга, мэргэжлийн боксын хүнд жингийн дэлхийн аварга Энтони Жошуа АНУ-д анхны тулаанаа хийхээр шийдлээ. Ингээд өнгөрсөн зургадугаар сарын 1-нд Нью-Йорк хотын алдарт “Мэдисон скуар гардэн”-д мексик гаралтай америк боксчин Энди Руизтай тулалдахаар болсон юм.
Үнэндээ Э.Руиз аваргатай тулалдахаар сонгогдсон эхний өрсөлдөгч нь биш байв. Төрөлх нутагтаа Дилиан Уайттай хийх тулаан тодорхойгүй хугацаагаар хойшлогдсон учраас Э.Жошуа шинэ өрсөлдөгч олох хэрэгтэй болжээ. Ингээд АНУ-д ирж, аварга цол горилж буй Жаррелл Миллертэй нударга зөрүүлэхээр шийдсэн аж. Өнгөрсөн хоёрдугаар сард талууд тохиролцоонд хүрч, Э.Жошуагийн Нэгдсэн улсад хийх анхны тулааны тов тодорлоо. Хүнд жинд хэнд ч ялагдаагүй яваа нутгийн залуугаа, өнөө цагийн босоо аваргатай хэрхэн үзэлцэхийг үзэгчид хүлээсэн нь лавтай. Гэвч дөрөвдүгээр сард Ж.Миллер допингийн шинжилгээнд бүдэрч, тулалдах эрхээ хасуулснаар тулалдаан болох эсэх нь тодорхойгүй болов.
Э.Жошуа ганцхан эл тулаанаас 25 сая “ногоон” (зарим эх сурвалжаар бол 32 сая) халааслах байлаа. Тов зарлагдсанаас хойш 17 мянган тасалбар зарагдсан тул Э.Жошуагийн менежер богино хугацаанд дараагийн өрсөлдөгчийг олох хэрэгтэй болов. Түүний багийнхан 24 цагийн дотор хүнд жингийн дэлхийн аварга цолны төлөө өрсөлдөх хүсэлтэй 16 боксчинтой холбогдсон аж.
Казахстаны боксчин, олимпийн хошой хүрэлтэй Иван Дычко, Ливаны тулаанч Мануэль Чарр, “Кинг Конг” хочит Кубын тамирчин Луис Ортиз зэрэг олон хүнтэй холбогдсон ч цагтаа дэлхийн аваргын бүсийн төлөө тулалдаж байсан Энди Руизтай тохиролцлоо.
Э.Жошуатай харьцуулахад Э.Руиз тун даруухан түүхтэй нэгэн. Германы боксчин Александер Димитренког хүнд цохилтоор буулгаж авснаасаа хойш ердөө хоёр сар хүрэхгүй хугацааны дараа Э.Жошуатай тулалдах саналыг хүлээн авчээ. Олонд төдийлөн танигдаагүй, өмнө нь бүтэн 12 раунд тулалдаж үзээгүй боксчин гэхэд 7 сая ам.долларын санал бол санаанд багтамгүй тоо байлаа.
Ердөө жилийн өмнө Э.Руиз боксыг орхих тухай бодох болжээ. Түүнд амжилт гээд байх зүйл байсангүй. 28 насандаа тэр орлогогүй, тулаанаас өөр зүйл мэдэхгүй нэгэн байлаа. Боксыг орхивол түүний амьдрал гудамжинд өрнөж, сурсан зүйлээ буруу зүйлд ашиглах нь тодорхой байв. Харин аав нь түүнд урам зориг өгснөөр өнөөгийн Э.Руиз бий болсон юм.
Э.Руиз багаасаа илүүдэл жинтэй нэгэн байлаа. Хүрсэн болгоноо эвддэг эв дүйгүй хүүгээ их спортын замнал руу хөтлөхөөр эцэг нь шийдсэн байна. Гэхдээ эхлээд бяцхан хүү бэйсболын тамирчин болох хүсэлтэй байв. Улмаар каратэгаар хичээллэж эхлээд улмаар бокс руу оржээ. Зургаан настайдаа анх боксын бээлий өмссөн хүү жилийн дараа анхны тулаанаа хийв. Энэ үед долоон настай байсан ч өрсөлдөгч нь түүнээс тав ах хүү байлаа. Учир нь долоон настай ч хэт их жинтэй түүнд үеийнхэнд нь өрсөлдөгч байсангүй.
Мексик цагаачийн гэр бүлд төрсөн Э.Руиз үргэлж асуудал тарьж байлаа. Нэгэн удаа байрныхаа гадаа өөрөөсөө том хүүхдүүдтэй зодолдож байсан түүнийг гэмт бүлэглэлийн гишүүн хэмээн сэжиглэж, цагдаагийнхан саатуулсан удаатай. Гэвч, ердөө 11 настай хүү болохыг нь мэдээд удалгүй сулласан гэдэг. Уураа барьж дийлэхгүй байсан тул ахлах сургуулийнхан удирдлагууд зөвхөн түүнд зориулсан тусгай хөтөлбөр боловсруулж байв.
Өдгөө тэр эцэг эхийнхээ төрсөн нутагт жинхэнэ баатар болжээ. Мексикээс гаралтай гэдгээрээ үргэлж бахархдаг энэ залуу Э.Жошуаг долдугаар үед хүнд цохилтоор унагааж, долоон сая ам.доллартай болоод зогсохгүй WBA, WBO, IBF, IBO холбооны аваргын бүсийг эзэмших боллоо. Э.Руиз хүнд жингийн дэлхийн аварга болсон анхны мексик гаралтай боксчин билээ.