Мэргэжлийн боксын WBO холбооны өдөн жинд аваргын бүс эзэмшигч Гари Рассэль, Нямбаярын Төгсцогт нарын тулаан өнөөдөр боллоо.
12 үе үргэлжилсэн тулааны эцэст Гари Рассэль 116:112, 117:111, 118:110-аар буюу шүүгчдийн саналаар ялав.
Аваргын бүсээ тав дахь удаагаа хамгаалах зорилготой Пенсилваниагийн Аллентаун хотод ирсэн Гари өнөөдөр хурд, хүч, ухаан, туршлага гээд бүх юмаар илт давуу байлаа.
“CompuBox’s” сайтын гаргасан албан бус тооцооллоор Г.Рассэль 867 цохилтоос 134 нь оновчтой болсон бол Н.Төгсцогтын 707 цохилтоос 122 нь өрсөлдөгчөө сандаргасан гэнэ.
“Өрсөлдөгч маань олимпын мөнгөн медальтай ч мэргэжлийн бокст 11 тулаан хийсэн тамирчин. Харин би 30-аас олон тулаан хийлээ. Энэ бол маш том зөрүү” гэж Гари ярьсан.
Харин Н.Төгсцогт хүлээж тоглосон нь алдаа боллоо гэж дүгнэсэн байна.
Гари Рассэль энэ онд томоохон тулаан хийх төлөвлөгөөтэй гэдгээ мэдэгдсэн. Тэрбээр WBA холбооны аваргын бүс эзэмшиж буй Лео Санта Крузтай тулалдах хүсэлтэй байгаа билээ.
Г.Рассэль 2015-19 оны хооронд жилд ганц удаа тулаан хийсэн. Харин энэ жилийн хувьд тулааныхаа тоог нэмэх төлөвлөгөөтэй байгаа аж.