Йорданы Амман хотод сонирхогчдын боксын олимпын эрх олгох тэмцээн эхэлсэн билээ. Тэмцээний хоёр дахь өдөр буюу өчигдөр манай гурван тулаанч рингэнд гарсан юм.
Эрэгтэйчүүдийн 52 кг-д Х.Энхмандах эхний тулаанаа Тажикстаны Сабзалиев Шухратын эсрэг хийж, хүнд цохилтоор ялалт байгуулав. Ингэснээр манай тамирчин Энэтхэгийн боксчин, ДАШТ-ий мөнгө, Азийн наадмын аварга Амит Пангхалтай учраа таарах боллоо. Өнгөрсөн жилийн ДАШТ-ээс мөнгөн медаль хүртсэн Амит Азийн наадамд түрүүлэхдээ Х.Энхмандахыг ялж байсан юм.
Эрэгтэйчүүдийн 69 кг-д Б.Мишээлт эхний тойрогт Катарын Царүмалингам Цүласиммараныг 5:0-ээр буулган авчээ. Манай тамирчин шөвгийн 16-д ДАШТ-ий хошой хүрэл, Ази тивийн АШТ-ий мөнгөтэй, Казахстаны Аблайхан Жусуповтой тулалдах аж.
Эмэгтэйчүүдийн 54 кг-д хүч сорьж буй Т.Болортуул эхний даваанд Папуа Шинэ Гвинейгийн Лога Флораг илт давуу илүүрхэв. Манай тулаанч шөвгийн наймд ДАШТ-ий хүрэл медальт, Австралийн Скай Николсонтой тулалдана.
Өнөөдөр буюу тэмцээний гурав дахь өдөр эрэгтэйчүүдийн 75 кг-д О.Бямба-Эрдэнэ Сирийн тулаанч Ахмад Гуосонтой, 63 кг-д Б.Чинзориг Папуа Шинэ Гвинейгийн Жон Уметай, 81 кг-д Н.Шинэбаяр Вьетнамын Ман Чуон Нгентай тус тус “нударга зөрүүлнэ”.