COVID 19: Италид болох бүх тэмцээнийг түр цуцаллаа

1651

“Титэм” вирусын халдвар эрчтэй тархаж буй Италид болох бүх спортын тэмцээнийг дөрөвдүгээр сарын 3-нд хүртэл цуцаллаа. Энэ тэлээр тус улсын ерөнхий сайд Гиусеппе Конте мэдээлсэн юм.

Италийн үндэсний олимпын хорооноос өнөөдөр албан ёсоор бүх тэмцээн уралдааныг түр цуцлах болсноо зарлав. Үүнд Италийн хөлбөмбөгийн дээд лиг болох Сери А-гийн тоглолтууд ч бас хамаарч байгаа аж. Лигийн зүгээс аль хэдийнэ арга хэмжээ авч, лигийн тоглолтыг үзэгчгүй зохион байгуулж эхэлсэн билээ. Тэгвэл Засгийн газраас нь ирсэн тусгай шийдвэрийн дагуу бүх тэмцээнийг дөрөвдүгээр сарын 3-нд хүртэл хойшлуулах боллоо.

Италид одоогоор 9000 гаруй хүн халдвартай нь тогтоогдож, 450 гаруй хүн нас барсан.

Хэдийгээр дотоодын лигийн болон бүх спортын арга хэмжээг хаасан боловч Европын лигийн хөлбөмбөгийн тэмцээнийг хэрхэх нь тодорхойгүй байна. Италийн “Рома” болон Испанийн “Севилья” клубын Европа лигийн хүрээнд болох хоёр тоглолтыг үзэгчгүй зохион байгуулахаар Европын хөлбөмбөгийн холбооноос шийдвэрлэсэн. Одоогоор энэ тоглолтыг цуцлах талаар ямар нэг мэдэгдэл хийсэнгүй.