Даам хэрхэн үүссэн бэ?

6095

Даамын спортын товч түүх

Даам өнө эртний хөлөгт тоглоом бөгөөд бүр МЭӨ үеийн египет, вавилончууд даам тоглодог байсныг археологийн олдворууд гэрчилдэг. Европын ихэнх орон үндэсний даамтай ба 18-р зууны үед Францад үүссэн 100 буудалт даамыг дэлхий дахинд олон улсын даам хэмээн хүлээн зөвшөөрсөн юм.

Анх ДАШТ-ийг зохион байгуулах зорилгоор Франц, Нидерланд, Бельги, Швейцарь улс нийлэн 1947 онд Дэлхийн даамын холбоо (FMJD)-г байгуулжээ. Өдгөө тус байгууллага эгнээндээ таван тивийн 65 орныг нэгтгээд байна. FMJD нь насанд хүрэгчид, эмэгтэйчүүд, ахмад, залуучууд, бүсгүйчүүд, өсвөрийн (4 насны ангиллаар) ДАШТ-ээ зохиохоос гадна бодолтын тэмцээн, үзүүлэх, зэрэг, төсөөллийн (харахгүйгээр) тоглолт зэрэг төрлөөр хөгжиж байна.

Монголд анх үүсч хөгжсөн түүх

Манай оронд 1950-иад оны эхэн үеэр шатрын тэмцээний хажуугаар орос даамын тэмцээн уралдаан зохиогддог байжээ. Харин арай хожуу буюу 1965 оны үед УБТЗ-д ажиллаж байсан Зөвлөлтийн мэргэжилтнүүдийн нөлөөгөөр 100 буудалт даам үүсч хөгжих эхлэлээ тавьсан гэж үздэг. Тодруулбал, 1966 оны тавдугаар сард зохиогдсон нийслэл хотын аварга шалгаруулах анхны тэмцээнд Төмөр замын инженер Б.Амарсанаа, үүнээс сарын дараа болсон УАШТ-д Төмөр замын хэрэг эрхлэх газрын ажилтан С.Болд (МҮОХ-ны ерөнхийлөгч асан) нар түрүүлж байв.

Түүнчлэн 1988 оны дөрөвдүгээр сарын 9-нд БНМАУ-ын даам сонирхогчдын холбоог байгуулж, анхны даргаар нь МҮЭ-ийн Төв зөвлөлийн орлогч дарга Б.Баянжаргал, нарийн бичгийн даргаар нь дэд мастер Ё.Хурцбаатарыг сонгосон юм. 1991 онд Парис хотод болсон FMJD-гийн Ерөнхий ассемблейн хурлаар манай улсыг гишүүнээр элсүүлж байв. Улмаар 1995 онд нэрээ Монголын даамын холбоо болгон албан ёсоор өөрчилж, дүрмээ шинэчлэн найруулсан түүхтэй.

Тив, дэлхийд манай тамирчид

FMJD-д элссэн жилээ буюу 1991 оны өсвөрийн ДАШТ-д манай тамирчид анх удаа оролцож, Д.Баттулга IV, Г.Ганжаргал VII байр эзэлжээ. Дараа жил нь Латвиас Г.Ганжаргал мөнгөн медаль хүртэж, даамын спортын түүхэнд онцгой үйл явдал тохиосон юм. 2007 онд Францын Тулуз хотноо зохиогдсон кадетын ДАШТ-ээс Г.Гэрэлболд алтан медаль хүртэж, Монголын даамын төдийгүй оюуны спортын төрлөөр анхны дэлхийн аварга төрсөн билээ. Түүний амжилтыг 2016 онд М.Шийравжамц давтсан бол Э.Хүслэн (2019 онд) түргэн тоглолтын төрөлд түрүүлсэн юм.

Өсвөр үе болон залуучуудын ДАШТ-ээс манай тамирчид 10 гаруй медаль зүүсэн билээ.

Насанд хүрэгчдийн ангилалд 2019 онд Нидерландын Бейлен хотод болсон ДАШТ-ий рапид буюу түргэн тоглолтын төрөлд Н.Мөнхтуяа мөнгөн медаль зүүж, Монголын даамчдын түүхэнд шинэ хуудас нээсэн билээ. Тэрбээр 2000 онд залуучуудын ДАШТ-ээс мөнгөн медаль хүртсэн анхны эмэгтэй даамчин болж байв.

Мөн 2019 оны наймдугаар сард Польш улсад болсон Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн ДАШТ-ээс М.Хишигбаяр алтан медаль хүртжээ.

Их мастер цолтнууд

Даамын спортын оргил цол Олон улсын их мастер (GMI) цолыг FMJD 1947 оноос олгож эхэлжээ. Одоогоор дэлхийд 130 гаруй тамирчин Grandmaster буюу гроссмейстер цолтой бөгөөд Монголоос 9 тамирчин энэ цолонд хүрчээ.

Тамирчин Төрсөн он Их мастер болсон он

  • Дөлийн Эрдэнэбилэг 1978 2001
  • Ганбаатарын Ганжаргал 1978 2004
  • Мөнхбаатарын Нямжаргал 1996 2012
  • Эрдэнэцогтын Мандахнаран 1991 2013
  • Дэлэгийн Баттулга 1976 2013
  • Отгонбаярын Түвшинболд 1969 2015
  • Равжирын Манлай 1977 2016
  • Баярын Мишээл 2004 2019
  • Баатарсүхийн Мөнхжин 1997 2019

Холбооны бүтэц, бүрэлдэхүүн

2018 оны нэгдүгээр сарын 13-нд хуралдсан Монголын даамын холбооны бүх гишүүдийн хурлаар УИХ-ын гишүүн А.Ундрааг Ерөнхийлөгчөөр сонгосон. Мөн Азийн даамын холбоо (ADC)-ны ерөнхийлөгч Ч.Бат-Эрдэнийг МДХ-ны Хүндэт ерөнхийлөгчөөр сонгосон аж.


Ерөнхийлөгч: Агваанлувсангийн Ундраа
Дэд ерөнхийлөгч: Барамсайн ГАНБАТ
Ерөнхий нарийн бичгийн дарга: Равжирын МАНЛАЙ
Нарийн бичгийн дарга: Ганбаатарын ГАНЖАРГАЛ
Менежер: Цэнд-Аюушийн АЛТАНХУЯГ
Гишүүн: Дүгэрийн БОЛДБААТАР
Гишүүн: Баянжаргалын АРИУНБАЯР
Гишүүн: Ядмаагийн НАМХАЙ
Гишүүн: Цэрэнбямбын ЭРДЭМБИЛЭГ