Наадам 2020: Есөн шинэ начин төрлөө

2898

Хүчит бөхийн барилдааны тавын даваа буюу начны даваанд улсын аварга дөрөв, улсын арслан гурав, гарьд нэг, заан хоёр, харцага нэг, начин долоо, улсын цолгүй 14 бөх барилдлаа.

Улсын аварга Ч.Санжаадамба улсын начин Ц.Одбаярт унасан юм.

Булган аймгийн Хутаг-Өндөр сумын харьяат, “Сод Монгол” групп, Алдар спорт хорооны тамирчин, аймгийн арслан, жүдо бөхийн ОУХМ Хутагийн Цогтгэрэл улсын аварга Г.Эрхэмбаяраар

Архангай аймгийн Хайрхан сумын харьяат, аймгийн арслан Оюунбаатарын Мөнх-Эрдэнэ улсын аварга С.Мөнхбатаар

Увс аймгийн Тэс сумын харьяат, “Кровун Броверс” компани, Сүлд спорт хорооны тамирчин аймгийн арслан Цэрэндоржийн Мөнхбаяр улсын арслан Ц.Содномдоржоор

Завхан аймгийн Отгон сумын харьяат, “Уушгийн Баян” компани, Сүлд спорт хорооны тамирчин аймгийн арслан Төрмөнхийн Дүгэрдорж улсын гарьд Б.Гончигдамбаар

Төв аймгийн Өндөрширээт сумын харьяат, Сүлд спорт хорооны тамирчин, аймгийн арслан, чөлөөт бөхийн ОУХМ Доржхандын Хүдэрбулга улсын заан Б.Батмөнхөөр

Баян-Өлгий аймгийн Дэлүүн сумын харьяат аймгийн арслан Нурланы Мустафа улсын начин Э.Энхбатаар

Завхан аймгийн Баянтэс сумын харьяат, аймгийн арслан Шархүүгийн Пүрэвгарьд улсын начин Л.Лха-Очироор

Архангай аймгийн Батцэнгэл сумын харьяат, аймгийн арслан Батсүхийн Зоригтбаатар цэргийн арслан Г.Жамбалдоржоор

Баянхонгор аймгийн Богд сумын харьяат, аймгийн арслан Батсуурийн Бат-Орших аймгийн арслан Ц.Сандагдоржоор тус бүр тав давж, улсын цолтны эгнээнд багтлаа.

Шинэ цолтнуудаас 33 настай Б.Бат-Орших хамгийн ахмад нь бол 25 насандаа начин болсон Б.Зоригтбаатар, О.Мөнх-Эрдэнэ нар хамгийн залуу нь болов. Сонирхолтой нь Б.Зоригтбаатар, О.Мөнх-Эрдэнэ нар нэг өдөр буюу 1995 оны гуравдугаар сарын 25-нд төрсөн аж.