Гарьд, начин хоёрын эрхийг хоёр жилээр хасав

1926

Монголын үндэсний бөхийн холбооны тэргүүлэгчдийн зөвлөл өнөөдөр хуралдаж, хоёр асуудлаар хэлэлцжээ. Тодруулбал, “Допинггүй Монгол бөх” хөтөлбөрийн хүрээнд өдгөө ид барилдаж буй 31 бөхөөс гэнэтийн шалгалт авахад улсын гарьд Ө.Бат-Орших, улсын начин Э.Даш, аймгийн хурц арслан Б.Номиндалай, сумын заан С.Майнбаяр нараас допинг илэрсэн юм. Эдгээр бөхийг дүрмийн дагуу барилдах эрхийг нь хоёр жилээр хасах шийдвэр гаргажээ.

Монгол үндэсний бөхийн холбооны дүрэмд “Үндэсний бөхийн барилдааны болон барилдааны бусад үед допингийн шинжилгээ хийлгэх, допингийн эсрэг дүрэм зөрчсөн бөхөд хариуцлага тооцох тухай” хуулийн 4.1-т заасны дагуу улс аймгийн болон аль ч хэлбэрийн барилдаанд барилдах эрхийг нь хоёр жилээр хасах шийтгэл оногдуулав.

Гэнэтийн шалгалтаар таван бөхөөс хориотой бэлдмэл илэрсэн ч одоогоор нэрийг нь нууцалж буй нэг бөх шинжилгээний хариуг эсэргүүцэж, “Б” сорьцны шинжилгээгээ БНСУ руу явуулахаар болсон юм. Тиймээс нэг бөхийн нэрийг түр хугацаанд олон нийтэд ил гаргахаас бөхийн холбоо татгалзжээ.

Түүнчлэн Бөхийн холбооны тэргүүлэгчдийн зөвлөл энэ сарын 24-нд болох наймдугаар Их Эеийг хуралдуулахаар төлөвлөж байгаа. Өнөөдрийн хурлаараа тус их эеийн бэлтгэл ажил хангагдсан эсэхийг хэлэлцсэн аж.

Их Эед улсын аварга болон түүнээс дээш цолтой 10, улсын арслан цолтон 14, улсын гарьд 10, улсын заан 27 хүн оролцох юм. Мөн улсын харцага, начин, аймаг, цэргийн цолтой бөхчүүдийн тус бүр нэг төлөөлөл оролцохоор болжээ. Үүнээс гадна бөхийн зүтгэлтэн, эрдэмтэн судлаач, жаяг дэгийн баг болон орон нутгийн төлөөлөгчид их хуралд ирнэ. 21 аймгийн үндэсний бөхийн холбоо ч мөн хуралдаж, нэг аймгаас тухайн орон нутагтаа байнга оршин суудаг тус бүр хоёр хүн оролцохоор болжээ.