Улирлын нээлт: Ливэрпүүл клуб

1456

Английн хөлбөмбөгийн лигийн шинэ улирал эхэлж буй энэ үед koo.mn вэбсайтын зүгээс Монголд идэвхитэй ажиллаж буй фэн клубууд, тэдгээрийн хөгжөөн дэмжигчдийн бэлтгэсэн нийтлэлүүдийг спорт сонирхогчдод дамжуулан хүргэх болсондоо баяртай байна.

Эхний багаар өнгөрсөн улирлын аварга баг Ливэрпүүл клубийн хөгжөөн дэмжигчдийн шинэ улиралдаа бэлтгэн нийтэлсэн нийтлэлийг хүргэж байна. Мөн доорх холбогдох хаягуудаар та бүхэн тус клубийн хөгжөөн дэмжигчдийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл аваарай.

Шинэ улирлын мэнд дэвшүүлье,

Саяхан л 30 жил хүсэн хүлээсэн лигийн түрүүгээ хүртэж байсан бол одоо шинэ аяллаа эхлүүлэх цаг нь болжээ! Премьер лигийн түрүү Копууд бидний өдрийн бодол, шөнийн зүүд байх үед тэр хараал идсэн цомыг нь ганцхан удаа өргөчих юмсан, тэгээд цаашдаа хамаа ч алга гэсэн адын бодол хүртэл толгойд орж ирж л байлаа. Гэтэл ингээд аварга болсны дараа тэр бодол ор мөргүй замхран арилж, хүндтэй тэр цомыг дахин өөр багт шилжүүлмээргүй тийм л хармын сэтгэл төрдөг юм байна.

Аваргууд улирлыг хуучин бүрэлдэхүүнээрээ эхлүүлнэ. Зүүн арын байрлалд хүчээ зузаатгаж, Грек хамгаалагч Костас Цимикасыг элсүүлснээс өөр шинэ тоглогч авсангүй. Тиаго Алкантара ирж магадгүй гэж ихэд дуншиж буй ч одоогоор шийдэгдсэн зүйл алга. Солилцооны цонх хаагдах болоогүй байгаа учраас Тиаго ирээд, ганц нэг сэлгээний төвийн хамгаалагч авах болов уу гэсэн таамаглал бий. Харин Ловрэн, Лаллана, Клайн нарын экс гэгээнтнүүд багийг орхисон. Ийм байдалтайгаар л 2020/21 оны улирлаа эхлүүлэх нь дээ.

Зарим нэг пундит болон зарим нэг хөгжөөн дэмжигчид маань Ливэрпүүл бусад багууд шиг шинэ тоглогч авчраагүй учраас аварга авч чадахгүй гэж үзээд байх шиг. Гэхдээ 19 онд 97 оноотой үзүүрлэж, 20 онд 98 оноотой түрүүлсэн Ливэрпүүл хэвээр байгаа гэдгийг тооцохгүй байх шиг. Миний бодлоор Ливэрпүүл хамгийн хүчтэй контэндэр баг хэвээр л байгаа. 2017 онд Аваргуудын лигийн эрхээ авч, 2018 онд Аваргуудын лигт үзүүрлэж, 2019 онд Аваргуудын лигт түрүүлэнгээ Английн Премьер лигт үзүүрлэж, 2020 онд Премьер лигийн аварга болох хүртлээ Клоппын баг сайжирсаар л ирсэн. Төгс зүйл гэж байдаггүй. Харин төгс рүү тэмүүлж болдог. Манай баг бүрэлдэхүүний хувьд хөгшин баг биш. Гол лидерүүд маань ихэнх нь 30 дөхөж явна. Энэ бол хөлбөмбөгт хамгийн тогтмол тоглож болдог, ид нас гэсэн үг.

Магадгүй ирэх жилээс багийн шинэчлэлт хийгдэх байх. Клопп маань хэлсэн байсан. Бид өөр бодлоготой, өөр клуб. Бид өрсөлдөөнд байхын тулд заавал бусад шиг жил бүр их мөнгө зарлагадах шаардлагагүй гэж тодорхой мэдэгдэл хийсэн. Ливэрпүүлийг дэмждэг л бол бид наймааны бодлого, төлөвлөгөөг ойлгодог байх хэрэгтэй. Хүлээн зөвшөөрөх албагүй л дээ. Гэхдээ ойлгоод авчихвал илүү дээр байж мэдэх юм. Клопп энэ жилдээ багт шинэ тоглогч авчрахгүй гэж үзсэн. Тэр бол залуусынхаа хүчин чадал, нөөц бололцоог хэнээс ч илүү мэдэх хүн шүү дээ. Түүнд эргэлзэх “тэнэг” эрхбиш одоо үлдээгүй л байлтай. Энэ жилийн хувьд Такүми Минаминод нэлээд найдлага тавьж байна. Дасан зохицол дууссан, мэдэгдэл хийж эхлэх ёстой жил нь. 2 долоо хоногийн өмнөх Коммюнити шилд дээр орж ирээд л бужигнуулсан, гоол ч оруулсан. Ур чадвартай, сахилга бат сайтай, толгой сийрэг, Япон хандлагатай түүн шиг тоглогч фэйлдэх нь ховор. Өөрөө л хичээж, гэмтэл бэртлээс хол байж чадвал Клопп шиг дасгалжуулагчийн дор гангарах цаашаа л болох учиртай.

Түүний хувьд бараг л шинэ наймаа гэсэн үг! Дахиад л Наби Кэйта. Аваргуудын лиг, Английн Премьер лигт түрүүлсэн энэ багийн роль тоглогч нь Наби үнэндээ байгаагүй. Түүний хийсэн зүйлсийг үгүйсгэх гээгүй л дээ, гэхдээ Naby lad маань скуад тоглогчийн хэмжээнд л хоёр улирал тоглолоо. Ливэрпүүлд зүүсэн дугаар, түүнд төлсөн үнэ, өөрийнх нь потенциалыг бодоод үзэхээр жаахан хангалтгүй л байсан нь нууц биш. Харин нэг найдлага төрүүлсэн зүйл нь Пандемикын дараах Наби юм. Завсарлаад ороод ирэхэд талбай дээр хамгийн гялалзсан нь Кэйта л байсан. Гэмтэл бэртлээс хол, тэр л формоороо тогловол энэ залуу сүйдийг нь хийх потенциал дүүрэн л санагдаад байгаам. Хамгийн бодитой “шуумарч” буй Тиаго Алкантара Ливэрпүүлд ирчихвэл гартаа хоёр жанлийг нь даалуу, үүлүүтэй хамт атгачихсан мэт л догь суух гээд байдаг. Үнэхээр дэлхийн түвшний хагас хамгаалагчдын нэг бол Тиаго юм билээ. Нуулгүй хэлэхэд золиосонд нь Жини маань явчихвал гунигтай санагдаж буй ч багаа бодвол Алкантара ирсэн нь хэрэгтэй. Энэ наймаа бүхэлдээ фэйлдвэл тэр л биз, Жини багтаа үлдэнэ.

Үндсэн хагас хамгаалалтынхаа мотороор л дайрч таарна. Гэхдээ энэ нь муудсан гэсэн зүйл биш шүү. Энэ жил өөрсдийгөө илүү харуулах боломжтой тоглогчид бол Куртис Жоунс, Харви Эллиот, Риан Брюстер, Нэко Уиллиамс нар. Тэд Чэмпионс лиг, Премьер лигт тогтмол гараанд гараад байх боломж хомс хэдий ч тоглох минут өнгөрсөн жилтэй харьцуулахад хангалттай олдох болно. Өмнө нь бидний найдлага тавин хүлээдэг байсан Харри Уилсон, Бэн Вүүдбөрн нарын Уэльс залуусын карьер хүндхэн болчихлоо. Түрүү жил Лалланад олдсон минутыг Куртист олгох байх, Харви хүү магадгүй Шакиригийн өмнөх сонголт ч болчих юм билүү. Хөлбөмбөгт ийм зүйл зөндөө л тохиолддог.

Манай бүрэлдэхүүн бол нимгэн биш! Бид 4 фронтод зэрэг тулалдахад зузаан бүрэлдэхүүн хэрэгтэй гээд л зарим нь онолдох юм. 4 тэмцээнд бэлдэнэ гээд 4 өөр гарааны XI бэлтгэнэ гэж боломжгүй. Санаж байвал 2019 онд Аваргуудын лигт түрүүлэхдээ Английн Премьер лигээ хаяагүй шүү дээ. Эцсийн мөч хүртэл аймаар үзэлцэж, улирлын төгсгөлд тасралтгүй дараалан хожиж, 97 оноотой үзүүрлэж л байсан. Лигийн цом, ФА цомыг Клопп хаялаа гэж ярьдаг. Залуу тоглогчдоо түлхүү ашиглаж, өмнөх долоо хоногт нь гараанд гараагүй хэдийгээ холиод л тоглуулдаг. Бусад хэддээ боломж олгох нь шударга хэрэг.

Хэрвээ дотоодын цомын хагас шигшээд хүрчихвэл чухал тоглогчдоо ашиглаж л таарна. Судлаад үзээрэй, бүх л багууд ингэдэг. Хамгийн гол асуудал бол ерөөсөө бэртэл гэмтэл. Бэртэл гэмтлийн бараан сүүдэр багаас минь хазгай тусаасай л гэж залбирч сууцгаая. Өнгөрсөн улирлын аваргуудын маань сэтгэл зүй ханачихна гэж арай байхгүй биз. Том цомуудыг өргөөд үзсэн тэд маань улам л шунан дайрна гэж найдаж байна. Клоппо өөрөө мундаг сэтгэл зүйч учраас багийнхаа өлсгөлөн чанарыг яаж хадгалах уу гэдэг дээр илүүтэй ажиллаж магадгүй байх. Өлсгөлөн баг л амжилтад хүрдэг.

Энэ жил лигийн өрсөлдөөн түрүү жилээс илүү ширүүсэх байх. Чэлси аймаар зузаалсан, Ман ютдын түрүү улирлын хагасын формыг харвал тоглолт нь тогтворжоод эхэлсэн, Артетагийн Арсэнал илүү сайжирсан, Моуриньогийн Спөрс өрсөлдөөн рүү дахиад тэмүүлж эхлэх нь тодорхой. Гэхдээ түрүү булаалдахын төлөөх өрсөлдөөнд Ливэрпүүл, Ман сититэй тулахын тулд тэдэнд хугацаа хэрэгтэй. Хоорондоо дээр дороо үзэлдэж, тамираа барах хооронд нөгөө хоёр нь тасраад алга болчихно.

Энэ жил Пэп Гуардиола шартай орж ирэх нь тодорхой. Тэр хоёр жил дараалж Клоппын дор орохыг хүсэхгүй. Өнгөрсөн жил тэдэнд асуудал их байсан, ялангуяа хамгаалалтын шугам.

Энэ жил Акэг багтаа авч, араа зузаалсан, асуудалгүй алалцана гэж тооцож суугаа биз. Ливэрпүүл, Ман ютд бишээ Ман ситигийн өрсөлдөөн ч энэ цаг үедээ ривал хэмжээнд бараг хүрлээ! Дахин нэг сэтгэл догдлуулсан хөлбөмбөгийн шинэ улирал ийнхүү эхэллээ.

Дэлхий нийтийг хамарсан аймшигт Коронавирусээс болж 30 жил хүлээсэн лигийн түрүүгээ хоосон цэнгэлдэхдээ өргөсөн. Харин ирэх улирлын төгсгөлд бид галзуу улаан Копуудынхаа өмнө Премьер лигийн мөнгөн цомыг дахиад нэг удаа өргөнө гэх итгэл бүгдийн сэтгэлд асаж буй нь лавтай биз ээ.

Ирэх улирлын төгсгөлд хос цом, магадгүй бүр трибл хийчихсэн зогсож байх ч юм билүү? Клоппын Ливэрпүүлд тийм потенциал бүрэн дүүрэн бий. Урт холын аялалд нь амжилт хүсээд, Премьер лигийн түрүүгээ 20 болгоорой гэсэн ерөөлөөр дөрөөг нь мялааж мордуулъя даа!

Чүүүүүү!!! Ливэрпүүл минь #Redman

Монголд дах Ливэрпүүлийн хөгжөөн дэмжигчдийн клубийн хаягууд:
Facebook page: Mongolian Liverpool Fan Club
Website: http://liverpoolfc.mn/
Forum: http://liverpoolfc.mn/forum/
Twitter: https://twitter.com/LFCMongolia